Б.Батрэгзэдмаа: Багшийнхаа “Тамгагүй төр”-ийн гар бичмэлийг Б.Баатарт бэлэглэхэд замаас нь булаагаад авмаар л байсан
2022-06-20 12:04

Б.Батрэгзэдмаа: Багшийнхаа “Тамгагүй төр”-ийн гар бичмэлийг  Б.Баатарт бэлэглэхэд замаас нь булаагаад авмаар л байсан

“Түс Тас” ярилцлагын зочноор зохиолч, яруу найрагч Баяртогтохын Батрэгзэдмаа уригдлаа. Уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн нандин утас нь хөндөгдсөн онцгой цаг мөчүүдийн тухай уншигч таныг шимтэн уншаасай гэж хүсэж байна.

-“Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг
Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна”.

 Чухам Батрэгзэдмаа гэх хүн энэ орчлонд жаргалаа олсон уу? Жаргалтай амьдарч байна уу? Та ер нь ямар хүн бэ? Өөрийнхөө амьдралын талаар яриач?

-Яруу найргаар эхэлж байгаад нь их баяртай байна. Монголчууд яруу найраг гэж хэлдэг. Яруу гэдэг утга хэл маш нарийн үг л дээ.  Дээд чанартай хэл яриа юм.  Яруу найраг өөрөө ийм дээд чанартай учир яруу найрагч хүн их жаргалтай байдаг. Уран зохиол гэдэг урнаар зохион туурвих гэсэн утга. Тэгэхээр яруу найргаар амьдарна гэдэг, урнаар зохионо, бүтээнэ гэхээр тэр хүн өөртөө онцгой цаг мөчүүдийг өгч байдаг. Тэр цаг хугацаа, мөч хором бүхэн ариун, ариусалтай байдаг учир яруу найрагч жаргалтай байдаг юм. Барууны зохиолч нар яруу найраг гэсэн утгаар ярьдаггүй. Тэнд гуниг гутралын зохиол бүтээлүүд их бичдэг. Манайхан бол яруу найраг гэдэг. Яруу найрагч зохиолч хүмүүс өөрсдөдөө жаргалтай байдаг. Бусдад жаргал бэлэглэж байдаг.

-Тэгвэл та уйтгар гунигтай хэр ойр амьдарч байна? Зарим найрагчид уйтгарлавал өөрийгөө олно, өөр рүүгээ өнгийж, бодит ертөнцтэй эвлэрч чаддаг гэж ярьдаг юм билээ вэ?

-Би үүнийг их гайхдаг. Яруу найргийг гутрал гуниг гээд ойлгочихдог. Яруу гэдэг үг маань яруу байх ёстой л доо.

-Уйтгар гуниг ярьсан юм чинь үхлийн талаарх бодлууд, мэдрэмжүүдийг ярилгүй үлдээж болохгүй байх аа, таны дотоод ертөнц үхлийг хэрхэн харж байна?

-Зохиолч нар үхлээ бичвэл үхнэ гэж ярьдаг л даа. Гэхдээ энэ бол Барууны үзэл. Тэд эхлээд их сайхан бичдэг сүүл рүүгээ их хүндэрдэг. “Амитаба” гэх шүлэг бол Монголын яруу найргийн ноён оргил. Гэхдээ би Данзангийн Нямсүрэн гэдэг хүнийг жинхэнэ зохиолч байсан эсэхэд эргэлздэг.

-Таныг Бавуугийн Лхагвасүрэн агсны шавь гэдгээрээ бахархдагийг мэднэ. Багштайгаа дахиад уулзахгүй гэж бодоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би үхлийг төгсгөл гэж боддоггүй. Дэргэд байвал сайхан л байна. Уулзаж, ярилцах, хөөрөх тийм хүсэл их байна. “Очир эрхшээгч”-ийг уншаад багш маань маш их магтсан. Тэр нь надад  багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлээд явах зориг хүсэл тэмүүлэл өгсөн. Би багшийгаа өнгөрөхөөс өмнө гандан орж даатгаад ном уншуулсан. Багшийн минь амьдрах хугацаа л тийм байсан. Хүлээн зөвшөөрсөн. Саяхан хүү  Хасар нь найруулагч Баатарт багшийн гар бичмэлийг бэлэглэх гээд явж байсан. Тамгагүй төр жүжгийн гар бичмэлийг би бол замаас нь булаагаад авмаар л байсан. Цэвэр онгодынх нь буулт шүү дээ...

 

No photo description available.

-Та багшийнхаа тухай их дурсдаг.  Гэхдээ чухам яруу найраг гэдэг зүйлийг багш заагаад, тухайн хүн сурсан учраас шүлэг бичиж чаддаг гэсэн үг үү?

-Манай багш өөрийн явдаг зам мөрөөрөө л надад үлгэрлэсэн. Би жүжгээ уншуулж магтуулчих санаатай ортол багш маань “Атаанаас хол зугтах л арга байдаг” гэсэн үг хэлж байсан. Энэ нь атаархаж чадахгүй болтол нь хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэрнээс биш миний шүлгийн мөр, үгийг нэг ч  засаж байгаагүй ээ. Амьдралын ухаан, нарийн утга учрыг өөрийн амьдарсан зам мөрөөрөө л харуулсан.

-Танай багшид танаас өөр шавь байсан уу?

-Би үргэлж багшийн дэргэд байсан болохоор амины гэж тодорхойлогдох  надаас өөр шавь байгаагүй. Багшийн цэнхэр хайрцагтай тамхинаас татъя даа гээд л ордог байлаа. Манай багш хэр баргийн хүнд тэр цэнхэр хайрцагтай тамхинаасаа  өгдөггүй л дээ.

-Анхны ажил мэргэжлийн гараагаа хаанаас эхлэв? Сургуульд сурч байхдаа төсөөлдөг байсан зүйлс ажлын байран дээр гараад хэр өөр байсан бэ?

-Би Бавуугийн Лхагвасүрэн багшийн шавь. Миний аав хөтөлж аваачиж шавь оруулж байсан. Аав ээж маань хоёулаа Монгол хэл-бичиг, уран зохиолын багш нар байсан учир багаасаа номтой ойр өссөн. Багш маань намайг Багшийн дээдийн утга зохиолын ангид оруулсан боловч би гурван жил сураад хөөгдсөн. Ээж хүнд өвдөөд би  ээжийгээ асрахаар хөдөө явчхаад буцаж ирэхэд хөөчихсөн байсан. Дараа нь Гүржийн ивээн тэтгэлэгтэй нэг жүжгийн тэмцээнд түрүүлсэн. “Хаалганы өмнө”  гэх абсурд жүжиг байсан л даа. Энэ жүжгээ өөрөө  Драмын театрын тайзнаа найруулж, тус театрын зохиолч найруулагчаар анхны ажлын гараагаа эхэлж байлаа. Миний жүжигт Болд-Эрдэнэ, Урнаа, Цэрэндагва зэрэг жүжигчид тоглосон. Маш амжилттай болсон. Драмын театраас гараад телевизэд ажилласан. Дараа нь уран зохиолын зам руу эргэлт буцалтгүй орсон.

 

 

-Таныг fat cat дээр шүлгээ уншиж байхыг сонссон юм. Бас саяхан ярилцлага авах санал тавьж утсаар холбогдлоо. Таны дуу хоолой нэг л жаахан охиных адил сонсогддог. Гэнэн цайлган, эрх дураар охин шиг сонсогдсон л доо. Таны дотор ямар хүн байдаг вэ?

-Зохиолч хүмүүс дотоод ертөнцөө чагнаж байдаг учраас бусдаас гэгээн байдаг. Мэргэжлээс шалтгаалж байгаа байх.

-“Сумтай цээжнийхээ сумыг сугалж чадаагүй

Хугалж л чадсан

Шархтай яваа би, шаналантайгаа чамд очно” гэсэн таны шүлэг байдаг. Хайр сэтгэл хүний уран бүтээлд их нандинаар буудаг юм шиг санагддаг?

-Хайр гэдэг бол хамгийн нандин зүйл. Бие биеэ хайрлана гэдэг бол хүн байхын утга. Энэхүү шүлгийн тухайд олон хүмүүсийн хайр сэтгэлийг харж байгаад бичсэн. Миний бүх шүлгэн дээр миний амьдрал бүхлээрээ бичигдээгүй. Сүүлийн үеийн яруу найрагчид өөрийнхөө зүгээс бичиж байна. Энэ бол буруу. Яруу найрагчид бол дэлхий ертөнц, улс орон нийгмийг бичих ёстой. “Би”-ийн өнцгөөс харна гэхээр яруу найрагч биш болж байна. Зэрэмдэг шүлгүүд олон гарч ирж байна. Яруу найрагт дуртай, яруу найрагч болъё гэж хичээж байгаа хүмүүс өөрсдөө монгол хэлний мэдлэг их сайн байх хэрэгтэй.

-Анхны хайрын тухай яриач?

-Би хувийн амьдралаа бусдад дэлгэх дургүй. Их нандин зүйл. Аливаа юм нууцлаг байвал үнэ цэнтэй. Хэт дэлгэгдсэн амьдрал олны тээрэмд орчихдог.

-Заа баярлалаа, Таны шүлэгнүүдээс асуултандаа иш татаж байгаа нь шүлгээ тайлбарлаад өгөөч гэсэндээ биш юм шүү.  Надад таалагддаг бараг таны шүлгүүд аманд цаанаасаа орж ирээд, уншихаар сайхан мэдрэмж өгч байна л даа.  Гэхдээ одоо үед хүмүүс өөрийн бичсэн шүлэг, зохиолоо тайлбарлах нь түгээмэл байна. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Бичсэн зүйлийг хүн уншаад өөрт нь төрсөн сэтгэгдлээ буулгах бол өөр зүйл, бичсэнээ өөрөө тайлбарлаад, ойлгуулах гэж хичээх нь өөрөө сайн бичиж чадаагүй дутуу байгаагийн шинж юм. Бичсэн зүйл нь хүнд хүрээгүй л гэсэн үг.

-Таны бодлоор Монголд жинхэнэ яруу найрагч, зохиолч хэр олон байна вэ? Жишээ дурдаж тайлбарлаж болно...

-Ерээд онд олон хүн утга зохиол руу орж ирсэн. Цаг хугацаа аяндаа шигшиж байдаг. Аюурзаныг би өндөрт тавьдаггүй, ойлгохгүй.. Яагаад гэвэл маш олон хүний орчуулган дээр өөрийн нэрээ тавиад арван ном гаргасан байна. Гүн Аюурзана гэсэн байсан. Өөрийнх нь нэр Гунаажавын Аюурзана шүү дээ.  Бусдын бүтээл дээр  өөрийнхөө нэрийг тавьж уншигчдыг хуурч болохгүй.

Миний хувьд Галсансүх бол жинхэнэ яруу найрагч  юм.  Зүрх сэтгэл, авьяас чадвар нь түүнд зориулагдсан хүн. Тэр хэзээ ч бусдын бүтээлийг өөрийн гэж ярьдаггүй хүн л дээ. Зохиолчид дэлгүүрийн худалдагч шиг л болоод байна. Ингээд биччихвэл, тэгээд нэмчихвэл, хасчихвал ном маань илүү хүмүүст таалагдаж худалдагдана гэсэн бодолтой байна.

-Энэ салбар өрсөлдөөнтэй юу? Өрсөлдөөн нь хэрхэн явагддаг бол?

-Би нэг л удаа Болорцомд орсон. Тэгээд түүнээс зугтсан. Тэр миний ойлгосноос өөр байсан. Шагнал авахын төлөө, алга ташуулахын төлөө байсан. Би ойлгоогүй.

-Аугаа их уран зохиол таныг юунд хөтөлчихсөн бэ? Хаашаа аваачив?

-Би амьдралыг маш их ойлгож байна.  Уран зохиол надад их зүйлийг өгсөн. Дэлхий ертөнц, хүмүүний аж амьдралыг хайрладаг,  хүлцдэг, ойлгодог өнөөдрийн намайг бүтээсэн. Тавин нас саяхан хүрлээ. Яг одоо надад хүнд аврал өгөх ёстой гэсэн бодол байна.  Хүмүүсийг сайн сайхан руу хөтлөх аврал юм даа. Би ийм цэг дээр ирсэн байна.

-Нэг асуулт их сонирхол татаж байна. Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн нэг өдөр?

-Янз бүр л дээ. Би аялах дуртай. Амьдрал бол аялал гэж боддог. Харин буцаж ирээд гэртээ лаа, кофе, тамхиа ихээхэн авч  ирээд зохиолоо бичиж олон өдрөөр суудаг.

-Та хувь тавиланд итгэдэг үү? Таны төсөөллөөр бол хувь тавилан хэр бодит вэ?

-Монголчууд зураг төөрөг л гэж ярьдаг. Хүмүүс сайн үйл бүтээвэл зураг төөрөг нь сайн байдаг. Хүн хувь төөргөө өөрөө  зурагладаг. Тавигдсан тавилан бол хараал ерөөл, зовуурь зовлон зэрэг янз бүрийн шаналант хэцүү явдал юм. Энэ нь урд төрөлдөө хийсэн муу зүйлс нь дараагийн төрөл дээр тавигдсан тавилан болдог. Амьдралаа амгалантай, жаргал цэнгэлтэй, гэрэл гэгээтэйгээр зураглавал хувь төөрөг нь сайн байна.

-Хүмүүс юу уншихаа мэдэхгүй олдсоноо л эсвэл олныг дагаж шуурч л ном уншиж байна? Огт уншихгүй байснаас дээр л байх даа?

-Монголын амьдралд эмх цэгцгүй юм их байна. Соёлын яам, Боловсролын яам үүнийг хариуцаад багш нарыг бэлтгэдэг сургууль, багш нар, эрдэмтэд хамтран шинээр хүүхдүүдэд унших ёстой номын жагсаалтыг дахин шинэчлээд уншуулах шаардлагатай байна.

Бетсэллэр гэсэн болгонд итгэж болохгүй. Энэ үед худалдааны зорилгоор гарсан номууд ард түмний тархийг угааж байна. Монгол үгийг сэглэж утгыг нь эвдэж байна. Зохиолчид нь үг үсэг, утга найруулгын алдаа гаргаж, Монгол үгээ ч мэдэхгүй байхад энгийн хүмүүс фэйсбүүкэд монгол үгийг монголоор нь яаж зөв бичих билээ дээ. Ийм байдлаас нийгмээрээ давалгаалаад гармаар байна.

 -“Ном бол хүн” гэж та хэлж байсан санагдана.  Тэгэхээр таны бичсэн номууд бодит гэсэн үг, ингэхэд таны ном, та хоёрын дунд хэчнээн зай байгаа вэ?

-Өөрөөсөө гарч гүйхгүйгээс хойш номоосоо гарч гүйхгүй л дээ. Би өөрийнхөө зохиолоос зугтаж болохгүй. Бас миний зохиолыг хүн авч болохгүй.

-Энэ мэдрэмжийг л дутуу үлдээчихлээ дээ гэж бодсон тохиолдол бий юу?

-Зохиолоо бичиж байхдаа би нэг л их сайханд хөтлөгдчихдөг. Энэ сайхныг үгээр хэлж чаддаггүй. Хамгийн анх “Нисэлт” гээд номоо хэвлүүлж байлаа. Хорь ч хүрээгүй байхдаа хэвлүүлсэн. Зохиол бичнэ гэдэг сайханд л хөтлөгддөг зүйл шүү дээ.

 -“Очир эрхшээгч” романыг уншигчид их шашинлагаар хүлээж авсан. Таны сүсэг бишрэлийг ч тэндээс хараад байх шиг байгаа юм?

-Хүн болж төрөөд хамгийн дээд ойлголт бол сүсэг бишрэл юм. Итгэл найдвар, ирээдүйн тухай юм. Шашин шүтнэ гэдэг буруу биш. Оюунт хүний хамгийн дээд ойлголт сүсэг бишрэл. Ээж, ээжээ гэж дууддаг энэ ч мөн адил сүсэг бишрэл шүү дээ.

Та одоо ямар зохиол дээр ажиллаж байна вэ?

Нэг роман бичиж байгаа. Судалгааг нь нэлээд хийсэн.

Ярилцсанд маш их баярлалаа.

Л.Мажиггарав

 

Уншигч танд ярилцлагын зочныхоо нэгэн шүлгийг хүргэе.

Цэцгэн ээмэг

 

Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд

ээмэг цохиуллаа.

Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!

Ингээд чи минийх боллоо.

Ээж маань бас залуу боллоо.

Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах

болно.

Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд

зориулах болно.

Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай.

Надад хэлээрэй би нулимсийг чинь арчиж

өгөх болно.

Оймсоо урагдсан ч бүү оёорой.

Оёж суухад нь би ижийгээ өрөвдөж

мэддэггүй байлаа.

Үнсэх болно би,

Үсийг чинь үргэлж илбэн хайрлах болно.

Үүрд гил хар байдаггүй юм билээ.

Эрт босч цай чанаж элдвийг хийж бүү

санаашраарай

Энэ цагаас эхлэн би босч

Чамд цай чанаж өгнө.

Бүү гайх.

Бүсгүй минь.

Би эхдээ өртэй.

Эмэгтэй хүнд өртэй.

Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь

хийгээгүй.

Хөлөө жийж, чи хөнжилдөө цайгаа уу

Хүүхэд шиг чи эрхлэж хүссэнээ надаас нэх,

би баярлах болно.

Итгэхгүй байгааг чинь би харж байна.

Ингэх ёстой.

Чи бол миний боломж.

Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал

зогсоод

Хуучин дээлтэй эх минь хүүгээ харлуулчих

вий гээд

Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байсан.

Харин одоо минийх биш, ээж таны ээлж.

Хүүхдүүд маань таныг бахархаж байх болно

Хүрэн зүрхийг нь би өөрөө хайлуулна.

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд явдаг

бол

Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд яваг

Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно.

Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг

Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна.

Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон

Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу

аял.

Энэ л миний амьдрал байх болно.

Эхийгээ хайрласандаа би ингэж өөрийгөө аврах болно.

Чи бол миний боломж

Б.Батрэгзэдмаа

Эх сурвалж: http://tustas.mn/r/327#

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.