Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантетэй уулзаж, хамтын үйл ажиллагааны хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар:
- ГССҮТ-ийг ДЭМБ-ын дэргэдэх Гэмтлийн төвтэй холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх,
 - Ослын цэгээс эмнэлэг хүртэлх анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоо, сүлжээг бий болгох,
 - Орон нутгийн яаралтай тусламжийн бүсчлэлийг тогтоох ажлыг хамтран хэрэгжүүлэх,
 - Орон нутгийн хэмжээнд гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх,
 - Эмч, мэргэжилтнийг сургах, чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулах,
 - Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
 - Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээллэх сургалт хийх,
 - Гамшиг ослын үеийн яаралтай тусламжийн багийг /ЭMT/ бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын сүүлээр зохион байгуулах зэрэг ажлуудыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хийхээр болсон байна.
 
Энэ удаагийн уулзалтад ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл, Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга С.Баатаржав, мэргэжилтэн Э.Хажидмаа нар оролцлоо.

                                
                            
