fitness
  • 206 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-13

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлагын талаар ийнхүү дурджээ.

Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд баталсан бөгөөд хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Энэ хууль хэдийгээр тухайн цаг үеийн хөгжлийн шаардлагыг хангаж байсан боловч өнөөгийн нийгмийн хөгжилд нийцэхгүй, хэрэгцээ, шаардлагыг тэр бүр хангахгүй болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан Хот байгуулалтын тухай хуулийг бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай уялдуулах ажлын хүрээнд уг хуулийн хийдэл, давхардал, зөрчлийн судалгаа хийгдэж, уг хуультай холбоотой нийт 56 давхардал, хийдэл, зөрчил байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Сүүлийн 20 гаруй жил хотжих үйл явц эрчимтэй явагдаж, хөдөөгөөс хот, суурин газрыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшин хурдацтай нэмэгдэж, улмаар 67.6 хувьд хүрээд байна.

Тухайлбал, нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хотод манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж, ажил, хөдөлмөр, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Үүнээс зөвхөн Улаанбаатар хотод оршин суугчдын тоо 1 сая 800 мянгад хүрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Мөн Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн олон асуудал тулгамдаад байна. Иймээс төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотуудыг дэмжин байгуулах замаар хүн амын тогтвортой хөгжил бүхий нутагшилт, суурьшлын бодлогыг шинээр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий болсон.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсаны дагуу Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс, Орхоны хөндийд хот байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

Иймээс хот төлөвлөлт, барилгажилт, газар олголтын талаар гарч байгаа зөрчлийг арилгах, иргэдийг эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот, суурин газарт хотхоны төлөвлөлтийг хийхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой тооцож төлөвлөхөд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүсэж байна.

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтөд тавигдах тусгай шаардлагад оршин суугчдын тоотой харилцан хамааралтайгаар хүртээмжтэй байдлаар төлөвлөх буюу 250 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцох батлах, түүний хэрэгжилтийг хангаж, тайлагнадаг байх, батлагдсан төлөвлөлтийг зөрчиж барилга барих зөвшөөрөл шинээр олгосон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зохицуулалтыг тусгажээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн