ДЦС 3-т Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод байгаа Н.Тавинбэх тус газрын нөхцөл байдлын талаар дараах тайлбарыг хийсэн байна.
Тэрбээр "ДЦС 3-т осол гарсан тул Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон. Хуульд зааснаар энэ нөхцөлд Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилдог. ДЦС 3-т дандаа импортолдог тоног төхөөрөмжүүд гэмтсэн. Бид гурван орны 11 компанид хүсэлт, урилга хүргүүлсэн. Эдгээр нь өмнө нь бидэнтэй хамтран ажилласан туршлагатай ААН-үүд юм.
Турбин генератор ямар үнэтэй, ямар хугацаанд тээвэрлэх үү? Энд авчирсны дараа барилга угсралтыг хийхэд ямар үнэ хөлстэй болох талаар тодорхой санал ирүүлэхийг хүссэн. Одоогоор санал ирээгүй байна. Хэд хэдэн санал хүлээн авсны дараа дундаж хугацаа тодорхой болно. Улсын хэмжээнд чадлын дутагдалд орсон тул хамгийн богино хугацаанд нийлүүлэх ААН-тэй хамтран ажиллана. Би нэг зүйлийг онцлон хэлмээр байна.
Эрчим хүчний салбар үнэ тарифын улмаас алдагдалтай ажиллаж байна. Цахилгааны үнийг нэмсэн ч хангалттай орлого олоогүй байна. Хөрөнгө оруулалт хийх хэмжээнд үнийг нэмээгүй. Өртгөө нөхөх хэмжээнд л нэмсэн. Сая болсон осолд их хэмжээний нэмэлт хөрөнгө хэрэгтэй. Тиймээс Засгийн газар санхүүжилтийг шуурхай шийдэх ёстой.
Ингэвэл богино хугацаанд хэвийн горимд орох боломж бүрдэнэ. Ер нь эрчим хүчний том төслүүд ганцхан санхүүжилт дээр л гацдаг. Бусад зүйл маш тодорхой байна. Би ажлаа хүлээж аваад дэлгэрэнгүй мэдээлэл дахин өгнө.
Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын асуудлыг бие даан, хараат бусаар шийдэж байна. 2024 оны арваннэгдүгээр сард эрчим хүчний үнийг нэмсэн. Харамсалтай нь Засгийн газар дулааны үнийн нэмэгдлийг ирэх он хүртэл хойшлууллаа.
ДЦС 3-т энэ сарын 2-нд гарсан ослын улмаас барилгын засвар гэх мэт ажилд 16 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг шийдвэл дулааны эрчим хүчийг ирэх өвөл хэвийн хэмжээнд хангана" гэв.