Улсын Их хурлын дэд дарга Х.Булгантуяад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2025.06.25/ өргөн мэдүүллээ.
Хууль санаачлагчийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд төсвийн тодотгол хийхээр заасныг үндэслэн Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нөхцөл үүсэж, үүнтэй холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байна хэмээв.
Түүнчлэн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний таван сард дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 39 хувиар унаад байна. Улмаар нийт экспорт 2025 оны эхний таван сард 5.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. Мөн эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буураад байна. Экспорт, төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого тасрахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгосон байна гэлээ.
Хуулийн төсөлд тусгаснаар эдийн засгийн бодит өсөлтийг 2025 онд 5.5 хувь, инфляцыг 9.5 хувь, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 90 их наяд төгрөг, төсвийн орлого 30,209.9 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Төсвийн суурь зарлагыг тооцохдоо төрийн байгууллагуудад төрийн албан хаагчийн сул орон тоог нөхөхгүй байх замаар цалингийн зардлыг бууруулах, мөн төрийн албанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу хэвийн ажиллаж байгаа албан хаагчдын ажлын байрыг хадгалах зарчмыг баримталсан байна.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулжээ.
Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг дарга С.Бямбацогт нар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барьсан байна.