Энэ 7 хоногт 2025 оны төсвийн тодотгол, 2024 оны төсвийн гүйцэтгэлийг байнгын хороодоор хэлэлцэж байна. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.07.01/-ийн хуралдаанаар 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ холбогдох байнгын ба дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо. Мөн Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны хоёр тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Нэгдүгээрт, “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний шинэ стандартыг боловсруулан баталж, хэрэглээнд нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүд энэхүү стандартын дагуу зах зээлийн зарчмаар чөлөөтэй өрсөлдөх боломж бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох, уг компанийн өмчлөл, бүтэц, менежментийн оновчтой хувилбарыг судалж танилцуулах, худалдан авалт, санхүүжилтийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжилтийн явцыг танилцуулахыг энэхүү тогтоолоор чиглэл болголоо. Мөн гэр хорооллын дулаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санаачилсан халаалт, дулааны орчин үеийн, олон талт эх үүсгэвэр ашиглах, дэвшилтэт технологийн шийдлүүд, санал санаачилгыг ажил хэрэг болгох талаар бодит дэмжлэг үзүүлж ажиллахыг тогтоолд тусгажээ.
Хоёрдугаарт, байнгын хорооны тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу “Нүүрс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.