НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
Өнөөдөр НҮБ-ын ЕА-н 79 дүгээр чуулганы сүүлчийн хуралдаан болох бөгөөд тус чуулганыг даргалж буй Ф.Янг бүрэн эрхээ Германы Гадаад хэргийн сайд асан, 80 дугаар чуулганыг даргалах Анналена Бербокт албан ёсоор шилжүүлэн өгнө.
Есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд ба 29-нд болох дээд түвшний долоо хоног буюу улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг нь шинэ чуулганы гол үйл явдал бөгөөд нийт 195 төлөөлөгч үг хэлнэ. Хэлэлцүүлэгт ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөн оролцоно.ЕА-н чуулганы танхимын индрээс тавих түүний илтгэл есдүгээр сарын 27-нд товлогджээ.
НҮБ-ын ЕА-н 80 дугаар чуулган хамгийн том хандивлагч болох АНУ зэрэг хэд хэдэн улс гишүүний татвар төлөөгүйн улмаас тус байгууллагад төсвийн алдагдал нүүрлээд байгаа үед болж байна. АНУ гурван тэрбум орчим ам.долларын татвараа төлөөгүй байгаа бөгөөд үүнд ерөнхий төсвийн 1.5 тэрбум ам.доллар, энхийг сахиулах ажиллагаанд зарцуулах ихээхэн хэмжээний мөнгө орж байгаа юм. Мөн хоёр дахь том донор болох Хятад улс татвараа оны эцэс хүртэл хойшлуулаад байгаа нь санхүүгийн хямралыг даамжруулж байна. Ийм нөхцөл байдал нь НҮБ-ыг зардлаа танах, шинээр ажилтнууд авах болон, хүүхэд, дүрвэгсдэд туслах хүмүүнлэгийн хөтөлбөрүүдөө зогсооход хүргэжээ.
Санхүүгийн хямралын эсрэг хариу арга хэмжээ болгон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш "UN80" гэдэг нэртэй шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлсэн нь зардлыг 20 хувиар багасгах, байгууллагыг шинэчлэх зорилготой бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр 2026 он гэхэд ойролцоогоор 6 900 хүн цомхотголд орж магадгүй байна.
АНУ НҮБ-ын үйл ажиллагааг оновчтой болгохыг идэвхтэй уриалж байгаагийн сацуу 2025 оны долоодугаар сард батлагдсан 1 тэрбум ам.долларын санхүүжилтийг цуцалсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
НҮБ дахь эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трампын засаг захиргаанаас санаачилсан эдгээр арга хэмжээ нь энхийг сахиулах ажиллагаа, хямралтай бүс нутгуудад чиглэсэн хүмүүнлэгийн тусламж зэрэг гол хөтөлбөрүүдэд эрсдэл учруулж байна.
"UN80" шинэчлэлийн хүрээнд ЮНИСЕФ, ЮНФПА болон “НҮБ-Эмэгтэйчүүд” зэрэг агентлагуудын төв байрыг 2026 он гэхэд Нью-Йоркоос Найроби руу шилжүүлэх боломжийг хэлэлцэж байна. Энэ нь үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилготой бөгөөд Найроби руу шилжүүлснээр орон нутгийн ажилтнуудын зардлыг 25 хувь, олон улсын ажилтнуудын зардлыг 13 хувиар хэмнэх боломжтой ажээ.