“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн “Эрдмийн өргөө” танхимд өчигдөр боллоо.
Энэхүү сургалтын хөтөлбөр нь сүүлийн үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, технологийн ололт амжилт, туршлагад тулгуурлан “Хүн төв”-тэй үзэл баримтлалыг баримжаалсан проактив төрийн үйлчилгээний шинэ зураглалыг бий болгох, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардах арга зүйг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх зорилготой юм.
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, “МУИС-ийн захиалгаар төрийн албан хаагчдад зориулсан цэргийн бус сургалтын хөтөлбөрт 10 гаруй байгууллагын 50 орчим албан хаагч оролцож, эхний ээлжийн сургалтаа эхлүүлж байна. Монгол Улсын их сургуулиуд зөвхөн сургалт, судалгааны зориулалттай байгууллага биш өөрийн сургууль дээр бий болсон сургалт судалгааны үр дүнгээр нийгэмд үйлчлэх зориулалттай томоохон байгууллага юм. Бид нийгэмд ажиллаж буй төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зорилготой уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үндсэн зорилго нь төрийн албан хаагчдын чадамжийг дээшлүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний процессыг дахин инженерчлэх арга зүйн суурь ойлголтыг олгоход чиглэж байгаа” гэв.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар засаглалын чанар, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгын хүрээнд төрийн үйлчилгээний процесст дахин инженерчлэл хийх ажлыг 2023 оноос үе шаттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг олон улсын арга зүй болон PPR зэрэг бизнесийн загварт тулгуурлан, үндэсний түвшний хуримтлуулсан туршлагатай нэгтгэн хэрэгжүүлж байна. Тухайн салбарын хуулийн чиг үүрэг, стратеги, хүний нөөц, гүйцэтгэл, эрсдлийн удирдлага зэрэг тогтолцоог цогцоор нь шинжилж дүгнэх арга зүйг боловсруулж УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ чиглэлийн арга зүйн зааврыг гаргасан. Өмнө нь хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг байсан процессын анализ, өөрчлөлтийн ажлыг төрийн байгууллага өөрсдөө гүйцэтгэж, өөрчлөлтөө удирдаж чаддаг болох нь чухал. Энэ зорилтын хүрээнд МУИС төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн богино хугацааны хөтөлбөрийг эхлүүлээд байгаа нь төрийн албан хаагч болон хувийн хэвшил болон сонирхсон бүх хүнд нээлттэй, чухал ач холбогдолтой сургалт” хэмээв.
МУИС-ийн Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Мөнхбат ярихдаа, “Энэхүү богино хугацааны сургалтын ач холбогдол нь төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, иргэдэд хүрч буй үйлчилгээний явцад тулгамддаг хүндрэл, асуудлыг тодорхойлж, тэдгээрт үндэслэн процессын сайжруулалт хийх юм. Тус сургалтад хамрагдаж буй оролцогчид төрийн албанд ажиллахдаа төрийн үйлчилгээний процессыг дахин инженерчлэх талаар анхдагч, сургагч багш нар болж хөгжих боломжтой ” гэв.
“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус хөтөлбөрийг ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулна. Тус хөтөлбөрийг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд байршуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.