Нийслэл хотын зарим байршлын явган хүний зам стандартын бус, зорчиход хүндрэлтэй байдаг. Замын хөгжлийн газраас стандартын бус явган хүний зам хаана байгаа тухай мэдээллийг иргэдээс авахаар болжээ.
Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Дүүрэг бүрд явган хүн зорчиход төвөгтэй байршлуудыг сонгож, хоёр метрийн өргөнтэй болгох ажлуудыг хийж байгаа юм. Энэ сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажилласан бол өнөөдрөөс Хан-Уул дүүргийн явган хүний замыг стандартын болгох ажил эхэлж байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос Home Plaza хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, 430 метр явган хүний замыг өргөтгөнө. Явган хүний зам хамгийн багадаа хоёр метрийн өргөнтэй байх ёстой. Гэтэл уг байршлын явган хүний зам дээр хоёр хүн зэрэгцэж явахад багтахааргүй байна.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын вэб сайт маргааш ашиглалтад орно. Уг сайтаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчих хэсэггүй, явган зорчиход хүндрэлтэй байгаа явган замуудын талаар иргэдээс санал хүсэлтийг авч эхэлнэ. Эдгээрийг эрэмбэлж, эхлээд хамгийн их хүндрэлтэй байгаа байршлуудын явган хүний замыг стандартын дагуу болгож, иргэд саадгүй боломжийг бүрдүүлнэ" хэмээв.
Орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд барилга руу нэвтрэх шатаа явган хүний зам дээр барьдаг асуудал газар авсан. Үүнээс гадна хотхон руу нэвтрэх хашаа, хаалт нь явган хүн зорчиход хүндрэлтэйгээс гадна түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Эдгээр зөрчлийг арилгахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, ААН, байгууллагуудад хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхээр болжээ.