Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад долдугаар сарын 6-13-нд төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэе.
1911 оны сүүлчийн улирал дор тусгаар тогтнол юугаан сэргээн мандуулсны дараа Монголын удирдагчид хоёр хөршөөсөө гадна «гуравдагч хөрш»-тэй харилцаа тогтоохыг чинхүү эрмэлзэж байсан нь гадаад улс төрийн бодлогын нэн чухаг чиг шугам байжээ. Энэ нь юуны өмнө Өрнө, Дорнын их гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдгээр гүрнүүдтэй худалдааны харилцаа тогтоох, Өвөрлөгч нутгийг Халхад нэгтгэх замаар Монгол үндэстний улс төрийн нэгдлийг хангах, түүнийгээ бататгах үндэсний эрх ашиг хийгээд үндэсний аюулгүй байдалтай ямагт холбогдож байжээ.
Хаант Оросоос нийслэл Хүрээнд суугаа Ерөнхий консул В.Н.Лавдовский 1911 оны долоодугаар сарын 1-нд Бээжинд суугаа Хаант Оросын Бүрэн эрх барих элчин И.Я. Коростовецэд илгээсэн цахилгаан мэдээндээ: “...хэрэв бид Монголчуудад туслахаас татгалзвал, өөр нэг их гүрэн (Япон Д.У) гарч ирээд Монгол дахь бидний байр суурийг эзэлж болзошгүй” гэжээ. И.Я.Коростовец бээр ч В.Н.Лавдовский лугаа санал нэг байсан учир 1911 оны долоодугаар сарын 30-нд ГЯЯ-ны сайд Сергей Д. Сазоновт илгээсэн мэдээндээ: “Халхад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээс татгалзах нь Японыг зоригжуулж, тэд бидний байр суурийг эргэлзэхгүй эзлэх болно” хэмээн анхааруулж байжээ.
Гадаад Монгол, Синьхайн хувьсгалын үр дүнд Хятадад гарсан улс төрийн өөрчлөлтийг Хаант Орос анхааралтай ажиглаж байсан учир энэ боломжийг ашиглан Гадаад Монгол дахь өөрийн тусгай ашиг сонирхлыг тодорхой хүрээнд олон улсын эрхзүйгээр баталгаажуулах явдал үлэмж ач холбогдолтой байсан ажээ. 1912 оны наймдугаар сарын 15-нд Хаант Оросын Сайд нарын Зөвлөл “Хүрээний Хутагт ба Халхын ноёдтой байгуулах гэрээний тухай” авч хэлэлцээд шийдвэрлэсэн нь “Монголын асуудлаар азнах бодлого улам бүр ноцтой болсоор байгаа энэ үед үүнийг одоо даруй нэг тийш болгох сайн арга шийдэл бол Орос-Халхын хооронд дипломат гэрээ байгуулах явдал мөн” гэжээ.
Тийнхүү Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын гадаад бодлого, дипломатын түүхэнд 1912 оны аравдугаар сард 21-нд (шинэ тооллоор арваннэгдүгээр сарын 3) нийслэл Хүрээнд Монгол-Оросын Найрамдлын гэрээ бичиг болон Худалдааны Протоколд гарын үсэг зурсан нь нэн чухаг ач холбогдолтой түүхэн үйл явдал болжээ. Сайхь гэрээ бичиг ёсоор Хаант Орос Монгол Улс болон түүний Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн төдийгүй цаашид энэ гэрээ бичиг Монголын төр улсын бүрэн эрхт байдлыг баталгаажуулах олон улсын эрхзүйн үндэс суурийг нь тавьжээ. Монгол Улс Хаант Оростой гэрээ бичиг байгуулсан нь тухайн үед Бээжингийн засаг баригчдаас Монголын талаар явуулж байсан башир арга бодлогод том цохилт болж, Хятадын Засгийн газар Хаант Оростой Монголын тухайд асуудлаар яриа хэлэлцээ хийх зайлшгүй нөхцлийг нэгэнт буй болгосон байна. Дурьдсан гэрээ бичгийг байгуулсан явдал Монгол, Хятад хоёр улсын урьд өмнөх харилцааны status quo-г дуусгавар болгосон төдийгүй, мөн шинэ тулгар Монгол Улсын хувьд дэлхийн улс гүрнүүдтэй энэ тэнцүү харилцаа тогтоох боломжийг нээж өгчээ.
Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа дээрх гэрээ бичиг Монгол Улсын статусыг олон улсын хэмжээнд тодорхойлон тогтоох албан ёсны анхны олон улсын эрхзүйн баримт бичиг болов.
Монгол-Оросын Найрамдлын гэрээнд гарын үсэг зурсныг эш үндэс болгон тун удалгүй Монгол Улсын Засгийн газар хойд хөршөөс гадна олон улсын хэмжээнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их гүрнүүдэд тусгайлан ханджээ. Тийнхүү 1912 оны арванэгдүгээр сарын 18-нд Монгол Улсын ГХЯ-наас ноот бичиг үйлдэн «Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри) зэрэг есөн гүрний ГХЯ-нд Харбинд суугаа тэдгээр орны консулуудад Хөлөнбуйрын сайдаар дамжуулан өгчээ. Ноот бичигт: «...дурьдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож, ... харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу» гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Энэ ноот бичиг Монгол Улсаас гуравдагч гүрнүүдэд хандсан албан ёсны анхны баримт бичиг байв.
Монгол Улсын Засгийн газар гуравдагч гүрнүүдтэй харилцаа тогтоож, тусламж авах талаар Япон улсад ихээхэн найдвар тавьж байжээ. Тиймээс Монгол Улсын Богд хаан, түүний Засгийн газраас Японы Эзэн хаанд хандсан дипломат ажиллагаа онцгой байр эзэлдэг.
Монгол Улсын Ерөнхий сайд Номун эзэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид 1913 оны арванэгдүгээр сард Санк-Петебургт албан ёсоор айлчлах цаг дор Олноо Өргөгдсөн Богд хааны нэрийн өмнөөс Япон улсын Цог Жавхалант Эзэн хаанд хандсан Жуух захидлыг авч явжээ. Ерөнхий сайд Т.Намнансүрэн бээр дурьдсан захидлыг Японы Засгийн газарт хүргэж өгөхийг Хаант Оросын ГЯЯ-ны сайд Сергей Д.Сазановоос хүссэн байна. Сайхь хүсэлтийн дагуу Токиод суугаа Хаант Оросын Бүрэн эрх барих элчин сайд Николай А.Малевский-Малевич Японы Гадаад яамны сайд гүн Макино Нобуакид бараалхаж уг захидлыг гардуулах тухай өөрийн Засгийн газрын тайлбар ноот, түүнчлэн Их Хүрээний Засгийн газрын сайд нарт Япон иргэн Кодама хэмээгчийн айлтгасан “Улс төрийн мэдэгдэл”, төгсгөлд нь Монголын хаан Жавзундамба хутугтын захидлыг гардуулжээ. Тайлбар ноот, “улс төрийн мэдэгдэгдэл” аль аль нь англи хэл дээр “маш нууц” гэсэн тэмдэгтэй байснаараа онцлогтой.
Богд Жавзундамба хаанаас Японы Цог Жавхлант Эзэн хаанд Олноо Өргөгдсөн гуравдугаар оны өвлийн тэргүүн сарын 19-нд илгээсэн захидлын монгол бүрэн эх одоогоор олдоогүй бөгөөд, харин захидлын бүрэн эхийн орос орчуулга 1929 онд “Красны архив” сэтгүүлд хэвлэгдсэнийг харьцуулан академич Ц.Батбаяр монгол бүрэн эхийг сэргээсэн байна.
Захидлын гол агуулга нь Япон улсад урьд тавьсан хүсэлтээ дурьдан сануулаад, шинээр буй болсон нөхцөлд Хятадын Засгийн газарт нөлөөлөн Өвөр Монголд хятад цэрэг оруулахыг зогсоолгох, Ар, Өвөр Монгол нэгдэн Нэгдсэн Монгол Улс байгуулахад туслалцаа авах, Япон улсаас Бүрэн эрх барих элчин төлөөлөгчийг Монгол Улсад томилон илгээж, дээрх «манай улс байгуулах ажилд» туслалцуулах явдал байжээ.
МОНГОЛ УЛСЫН БОГД ХААНААС ЯПОНЫ ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААНД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ:
Монгол Улсын Эзэн хаан хичээнгүйлэн Их Жибэн улсын Эзэн хаан таны амгаланг эрмүй.
Мөнөөхөн уржнан жил өвөл цаг манай Монгол нийт бүхнээр эртнээс тогтоосоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдагдах үгүй сахих учир Чин улсаас салаад өөртөөн тогтнож, өөрөө эзэрхэх улс төр байгуулсан тухай дор мөхөс улсын Засгийн хэрэг шийтгэх газраас гэрээ байгуулан, худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгахыг эрж Эрхэм улсын Засгийн газрын хэрэг шийтгэх газар мэдэгдэн явуулсан ану, зөвшөөрөн хүлээсэн хариу бичгийг хараахан хүлээн аваагүй, бас ноднин өвөл цаг тусгайлан Дотоод хэргийн яамны эрхэлсэн сайд чин ван лам Цэрэнчимэд нарыг томилон улсын бичгийг хичээн өргөж хичээнгүйлэн Их хаан таны амгаланг эрэхээр илгээсэн боловч зам үл нэвтрэх учир зуураас эгэж иржээ.
Эдүгээ бас Бүгд ерөнхийлөн захирах сайд, Номун эзэн Сайн ноён хан Намансүрэн нарыг томилон улсын бичгийг хичээн өргөж, хичээнгүйлэн Их хаан таны амгаланг эрж, хоёр улсын үүрд сайнаар найрамдалан ард хүмүүнээр урт даган энх түвшнээр жаргахыг хариу илгээхийг хүсэж илгээвэй. Олдвоос хүргэсэн цагт зөвшөөрөн хүлээн авах ажаамуу.
Жич хичээнгүйлэн айлтгах ану, мөхөс улсын өөртөөн тогтнох өөрөө эзэрхэхийг Орос улс зах нийлэн он удаасан айлын хувьд зөвшөөрөн хүлээж найрамдлын гэрээ ба худалдааны гэрээг байгуулсныг мэдэгдэх ану.
Эдүгээ Хятадтай хил залгаа манай Өвөр Монгол нутаг асар хүнд аюулд нэрвэгдэн, хятадын цэрэг манай Өвөр Монголын хязгаарын дотор удаа дараалан байлдан орж сүм хийдийг түймэрдэж, эр эм хөгшин нялхас ялгаварлал үгүй хядан сөнөөж, хөрөнгө малыг булаан уулгалж бүхий учир өнгөн дээрээ Дундад Иргэн улсын засгийг зөвшөөрөн хүлээхийн хамт биднийг хүч хавсрах, батлан хамгаалахыг тасралтгүй гуйн мэдүүлэх ажуу. Үүний учир мөхөс манай улсын Засгийн газраас зам хуваан цэрэг илгээж эсэргүүцэн байлдсан боловч хүчин зэвсэг хараахан үлэмж үгүй дор зах хязгаарын бүрэн бүтэн болгон батлан хамгаалж чадаагүй болой.
Саявтар манай нийслэл Хүрээнд морилон саатсан танай улсын түшмэл Кодама хэмээгчид хоёр улсын хооронд үүрд сайнаар найрамдах хүсэлтийг уламжлан Эрхэм Их улсын Засгийн газарт Өвлөр Монголын нутагт төмөр зам тавих эрхийг найр тавин өгөх аваас Өвөр Монгол дор хятад цэрэг оруулахгүй байх явдалд хүчлэн хавсрахыг эрсэн ажгуу.
Түшмэл Кодама мөхөс манай Засгийн газрын хүсэлтийг Их улсын Засгийн газарт уламжлахаар тогтсон бөлгөө. Үүний учир бидний зүгээс Их улсын Эзэн хаанд энэхүү сайн үйлийг бүтээхэд туслахыг хичээнгүйлэн хүсэх ялдамд Өвөр Монголын дор цэрэг оруулахгүй болгох явдлыг Хятадын Засгийн газар хүчлэн ухуулж бидний Ар, Өвөр Монгол овогтон эртнээс нааш бүгдээр нийлэлдэн шашин үндсээ бүрэн бүтэн болгох их үйлс дор тус болгохыг эрэх ажаамуу.
Мөхөс манай улс Бүрэн эрх барих сайдыг томилон илгээхийг хүсэх боловч зам нэвтрэхгүй сайн үйлсийг бүтээхэд саад гарахаас эмээн манай төр улсыг төвшитгөх болон хоёр улсын хооронд үүрд сайнаар найрамдалан суухад туслуулахаар Бүрэн эрх барих сайдыг томилон ирүүлэхийг Их улсын Эзэн хаан танаа хичээнгүйлэн хүсмой. Мөхөс улсын ард бүгдээр Их улсын сайн санааг ихэд сүсэглэн, найртай сайхнаар хүлээн авч цаашид хамтран найрамдан суухыг илтгэх ажаамуу. Их Эзэн хаан танаа найрсаг сэтгэлээр илгээн толилуулж, хэрхэх учрыг гарган хариу илтгэхийг хичээнгүйлэн хүсмой.
Олноо Өргөгдсөний гуравдугаар оны өвлийн тэргүүн сарын 19
Дээрх айлчлалын өмнөхөн Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн 1913 оны есдүгээр сард нийслэл Өргөө хотноо хүрэлцэн ирсэн Кодама Камэкэчи хэмээх япон иргэнтэй ГХЯ-ны дэд сайд гүн Б. Цэрэндоржоор хэлмэрчлүүлэн уулзахдаа Оросоор зуучлуулан Хятад-Орос-Монголын хооронд гурван улсын гэрээ байгуулах бодолтой байгаагаа хэлж, үүнд Япон нэгдэн орж дөрвөн талын болгох боломж бий эсэх, үүнийг Японы Засгийн газарт цахилгаан мэдээ явуулж уламжилж өгөхийг хүсэж байжээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Монголын хувь заяаг Орос, Хятад үгсэн хэлэлцэж байсан тэр хүнд үед Гурван талын хэлэлцээнд Японыг татан оруулж дөрвөн талын болгох хувилбарыг хүртэл бодож байсан нь нэн чухал байр суурийн илрэл байжээ.
Үнэхээр тэр үеийн томоохон гүрнүүдийн нэг Хаант Орос Богд хааны Засгийн газартай дипломат хэлэлцээ хийж гэрээ байгуулсан явдал олон улсын харилцааны тавцан дээр Монгол Улс биеэ даан гарч ирсний нэг том баримт даруй мөн байв. Богд хааны Засгийн газар үүнийг өөрийн гадаад бодлогодоо хүч чадлынхаа хирээр ашиглахыг оролджээ. Богд хааны Засгийн газар Орос-Монголын найрамдлын гэрээг байгуулсны дараахан уг гэрээнд түшиглэн Өвөр Монголыг Халхад нэгтгэх зорилгоор цэрэг илгээх, ГЯЯ-ны тэргүүн сайд хошой чин ван М.Ханддорж, Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн нар Санкт-Петербургт айлчилж, Японтой дипломат хэлхээ холбоо тогтоох, Богд хаанаас Японы Цог Жавхлант Эзэн хаанд захидал илгээж, нийслэл Өргөө хотноо Японы дипломат төлөөлөгчийг урьж ирүүлэх, худалдааны харилцаа тогтоох, нийт Монголын улс төрийн нэгдлийг хангахад тусламж эрэлхийлж, 1912 онд Харбин дахь Япон улсын консулаар дамжуулан Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэж, гэрээ байгуулах, найрамдал, худалдааны харилцаа тогтоох хүсэлт тавьж байв. 1913 оны эхээр Дотоод яамны тэргүүн сайд сүжигт чин ван да лам Цэрэнчимэд нар Өвөр Байгаль, Манжуураар дамжин Японыг зорьж, Богд хааны захидал бичгийг Японы Цог Жавхлант Эзэн хаанд биеэр хүргэх, утга нь Монголын улс төрийн нэгдлийг хангахад туслах, Өвөр Монголыг эвээлдээ авах, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх, худалдааны харилцаа тогтоох зэрэг бодлогын шинжтэй шат дараалсан идэвхтэй дипломатын цогц үйл ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй нь Орос-Японы нууц гэрээ хэлэлцээртэй шууд холбоотой байжээ. Энэ үед Гадаад Монголын зүгээс гаргаж байсан онцлог содон санал бол Өвөр Монголыг Хятадаас салгаж, Японы протекторатад оруулах явдал байв.
Түүнээс гадна 1913 оны арванхоёрдугаар сард Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Хаант Орос улсад айлчлах үеэр Япон улсаас Санкт-Петербург хотноо суугаа Элчин сайдад Тацука Шичита бээрт мөн тусад захидал илгээжээ. Уг захидалд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятад улсуудад зарлан мэдэгдсэнийг Япон улсын Элчин сайдад уламжилж, энэ мэдээг Засгийн газартаа сонордуулахыг хүссэн байна.
Сайхь захидал хоёр үсгээс бүрдэх агаад баримт нь нэгд, Япон улсаас Хаант Орос улсад суугаа Элчин сайд Тацука Шичита Япон улсын Гадаад хэргийн сайд Макино Нобуакид хандаж бичсэн захидал, хоёрт, Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгээс Хаант Орос улсад суугаа Элчин сайдад илгээсэн захидлыг хүлээн авсан тухайгаа Японы Засгийн газарт мэдэгдсэн баримт болно.
Эх сурвалж: Олноо Өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгээс Японы Засгийн газарт хандсан жуух захидлын уг эхийн хуулбар. Олноо Өргөгдсөний гуравдугаар он, Өвлийн дунд сарын хорин гурван. Японы ГХЯ-ны Дипломат архив, 2.1.2.21, Япон Улсын Үндэсний архивын газар, Азийн түүхийн баримтыг хадгалах Японы төв, Орос-Монголын гэрээ, боть-4, хэсэг-4
Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улс гуравдагч гүрнүүд тухайлан Японы Цог Жавхлант Эзэн хаан, түүний Засгийн газарт хандан улс төрийн дэмжлэг авах тухайд ихээхэн найдвар тавьж байжээ.