Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр/2026.10.20/болжээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцсон байна. Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцуулжээ. Үүнд, Сайннямбуугийн Баатаржавыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Одгэрэлийн Цолмонг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, Норовын Алтансүхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар, Аюурзанын Энх-Эрдэнийг Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар, Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ хүрээнд төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн шалгуур болгож төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа онцоллоо.
Мөн хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө.