Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв дараах мэдээллийг өгөв.
Автобензины тухайд бид хүндрэлтэй нөхцөл байдалд орж, аж ахуйн нэгжүүд тэгш, хүртээмжтэй байдлаар үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдсан. БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн гурван улсаас шатахуун татан авч байгаа тул хоногийн нөөц нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар автобензины 10-11 хоногийн нөөцтэй байгаа бол нийт нөөц 25-26 хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд байна.
Дизель түлшний хувьд намрын ургац хураалтын ид үе болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн энэ үед хомсдолгүй ажиллаж байна. Нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа ч агуулах, савны хүрэлцээний асуудал тулгарч байна. Улаанбаатар төмөр замаар олон вагон дизель түлш орж ирсэн боловч зарим жижиг аж ахуйн нэгж буулгаж чадахгүй байгаа тул томоохон аж ахуйн нэгжүүдээс нэмэлтээр сав түрээслэх ажил хийж байна.
Олон улсын зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалан автобензин, дизель түлшний үнийг нэмэгдүүлэх санал ирсэн. Үүний дагуу автобензины үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Харин дизель түлшний нөөцийг өмнө нь сайн бүрдүүлсэн учраас төвийн болон говийн бүсэд зуны дизель түлш хэрэглэж байгаа.
Хангайн бүсэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн дизель түлшинд шилжих шаардлагатай болсон тул өвлийн түлшийн үнийг 800-900 төгрөгөөр нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Шатахууны хангамжийг нэн тэргүүнд тавьж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэл баримталж байна. АИ-92 автобензинийг өртгөөс нь нэмэгдүүлэн зарахгүй байх чиглэл өгсөн бол Евро-5 стандартын автобензиний үнийг чөлөөтэй байлгахаар шийдвэрлэсэн.
Томоохон аж ахуйн нэгжүүд өнөө, маргаашдаа үнээ нэмэх бол жижиг аж ахуйн нэгжүүд шатахуунаа борлуулж эхлэх үед үнийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Ингэснээр том, жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулах үнэд 100 төгрөгийн зөрүү үүсэх магадлалтай байна гэлээ.