fitness
  • 368 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Та бол Улаанбаатар хотын унаган хүүхэд энэ их хотынхоо аль хэсэгт нь бага нас тань өнгөрөв?

Би чинь 120 мянгатын унаган хүүхэд юм. Заримдаа хүмүүстэй танилцахдаа тоглоом шоглоом болгоод 120 мянгатын хулиган байна гэдэг дээ. Бага нас маань Дунд гол,Туул гол хоёрын хөндийгөөр л өнгөрсөн. Бага жаахан байхдаа Дунд голдоо сэлээд л арай томхон болоод Туул голдоо загас жараахай болоод л сайхан байж дээ.

Сургууль соёл гэвэл дуу хөгжмийн алдарт Л.Галмандах багштай 52-р дунд сургуулийг төгссөн. Дөрөвдүгээр ангиас эхлүүлээд Л.Галмандах багш маань манай ангид дуу хөгжмийн хичээл зааж эхэлсэн нь миний энэ хөгжмийн боловсрол болоод мэдрэмж,дур хүслийн маань суурийг зөв тавьж өгчдээ гэж бодогддог.

Н.Ганбат гэхээсээ илүү Гамбино гэдгээр нь хүмүүс сайн мэдээд байдаг л даа.Энэ хоёрдогч нэр гэхүү?  хоч гэхүү энэ талаараа?

 Анх “Загалмайлсан эцэг” киног үзчихээд “Gambino family гэж бүлэг байдаг талаар мэдээд тэгээд адилхан Га-гэж эхэлсэн болохоор нь тоглоом болгоод л өөрийгөө нэрлэж байлаа.

Та бол орчуулагч болоод хөгжим,кино судлаач хүн.Тэгэхээр таны мэргэжил энэ талруугаа юу?

Уг нь сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлаач гэдэг мэргэжлээр төгссөн. Гэвч манайд 1990-ээд оны зэх зээлийн нийгмийн шилжилт гээд эзэмшсэн мэргэжил маань нэг л явуургүй санагдаад эхэлсэн юм.

Гэхдээ давхар мэргэжил эзэмшсэн нь Орос хэлний орчуулагч байлаа.

Хөгжмийн урлаг уруу хэзээнээс шимтэж эхэлвээ?

Аливаа юм хомс байх тусмаа, орж ирэх суваг нь нарийхан болох тусам хүнийг илүү их татдаг юм байна лээ.

Анх бол 1979 онд “ Pink Floyd “ хамтлагийн “Wish You Were Here” гэх цомгийн хамгийн эхний дуу болох “Shine on you crazy diamond” хэмээх бүтээлийг сонсоод л нүдэнд Алтайн өндөр уулс болоод түүн дээгүүр элин халин нисэх бүргэд шувуу дүрслэгдсэн тэр өдрөөс л гүн дурласан даа. Би хөгжим тоглох мөн дуу дуулж чаддаггүй ч гэсэн сонсохыг бол тултал хийдэг гэж боддог.

Эхний удаад соль нотыг сонсоод дараагийн удаад өөрийг ч гэх юмуу.

Мөн кино судлаач гэдгээр нь хүмүүс  сайн мэднээ энэ талаараа?

Кино урлаг бол зохиол,зохиол бас дахин зохиол мөн хөгжмийн урлаг,зураачийн уран нарийн ажил,жүжигчиний ур чадвар гээд нийлмэл гайхалтай урлаг юм. Солонгосын кино найруулагч Ким Ки Дукын киног үзсэнээс хойш Холливудын арилжааны зүйлсийг үзэхээ больчихсон.

Яагаад гэхээр тиймэрхүү кинонд сүнслэг чанар, утга учиртай агуулга гээд байхаар зүйл харагддаггүй.Мэдээж мөнгө олох нь чухал ч илэрхий хуурамч кино хийгдээд байдаг.

Найруулагч Л.Таванбаяр бид хоёр “Нөгөө кинонууд” гэх нэртэй кино урлагийн салбарын хүрээн дэх телевизийн нэвтрүүлэг хийж байсан. Энэ зүйлээ үргэлжлүүлээд бүр том фестивал “наадам” зохион байгуулах юмсан гэж мөрөөдөж явдаг даа. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн дунд гэхээсээ илүү оюутан залуусыг хамруулсан бэсрэг кино наадам маягаар хийвэл сонирхолтой болно.

Та ярианы эхэнд би бол их хотын унаган хүүхдээ гэж хэлсэн.Тэгвэл унаган иргэний хувьд хотын соёлын талаар бодлоо хуваалцаач?

Хотын соёлыг хүмүүс өөр өөрийнхөөрөө л тайлбарлах байх. Манайх чинь суурин иргэншилд ороод төдий удаагүй байна. Хотын соёлд хөгжим зайлшгүй оролцдог.Мөн их хот гэдэг өөрөө маш их хөдөлгөөн эрчим дунд оршдог.

Тэгэхээр хотын хөгжим гэдэг өөрөө тиймэрхүү ритм буюу хөг эгшигтэй байдаг байх.Соёл гээд ярих юм бол дуусахгүй л дээ. Адаглаад гарцаараа зөв гараад хэвших нь чухал байна.

Нээх хөөрхөн охид хөвгүүд энд тэнд алхцгаагаад л тэгснээ гэнэт хогоо хаяхыг харахад ёстой хармын сэтгэл төрөөд л голоос нэг юм өгсөөд л ирдэг дээ. Хөгжим гэж дурссаных миний үед пянз гэхээс илүү кассет “хуурцаг” элбэг байлаа. Пянзны тухайд ЗХУ-н “Мелодия” энд тэнд ганц нэг үзэгддэг байсан. Хуурцаг бол 300 удаа наашаа цаашаа эргэхээрээ чанар нь алдагддаг юм билээ. Энэ мэт кассетаар ёстой өвчилсөн дөө.

Санаанаас гардаггүй дуу байдаг уу?

Ёстой байна даа.Нөгөө л “ Pink Floyd “ хамтлагийн “Meddle” цомогт багтсан 20 гаран минут үргэлжилдэг “Echoes” гэж дуу бий. Миний утсан дээр цөөн хоногийн хугацаанд 500 гаран удаа тоглогдсон байна.

Таны анх хөгжим сонирхож эхэлсэн үеийн залуус болоод одоо үеийн хөгжим сонирхогч залуучуудын ялгаа мэдээж их байгаа.Энэ хэмжигдэхүүний тухайд?

За энэ бол ёстой гоё асуулт байна. Эхлээд одоо үеийн талаар ярихад би маш их атаархдаг.Хүссэн дуугаа интернет ороод л хайгаад сонсчихож байна.

Бидний үед юм ховор,  суваг нарийхан байсан учраас гачлантай цаг юм. Нэг ажигласан юм нь хүмүүс ид залуу насны тэр хугацаандаа гацчихдаг юм билээ.

Яг л тэр үеийн дуунууд нь л сайхан санагдаад л түүнийгээ л сонсох гээд байдаг. Миний хувьд бол Метал урсгалын дуунууд,Сонгодог хөгжим,Классик рок гээд төрөл бүрдээ. Гэхдээ хүлцэн тэвчих гэж айхтар үг байдаг даа.

Тиймээс хөгжмийн бүх л урсгалын дуунуудыг битгий гоочилж чичилж байгаарай л гэж хэлэхийг хүсдэг. Хүмүүстээ би “Малерия”-гийн тав юмуу аравдугаар симфонийг сонсож байгаарай гэж зөвлөмөөр байдаг. Их гоё зоригжуулдаг юм. Нэг хэлбэрээс нөгөө хэлбэрлүү шилжүүлж чаддаг хөгжим шиг санагддаг.

Сонирхолтой баримт нь энэ симфонийг цуврал алуурчид,гэмт хэрэгтнүүд их сонсдог гэдэг нь хүчтэй нөлөө байгаагийн шинж байх. Бас миний дуртай зохиолч Ч.Буковский өөрийнхөө ямар нэгэн тууж дээр заавал хоёр зүйлийг дурдадгийн нэг нь “...би Валерийн симфонийг сонслоо” гэж хэлдэг.

Магадгүй зовлон их мэдрэгддэг байх талтай. Зовлон гэдэг чинь өөрөө нэг талдаа хүнийг жаргаадаг эд байхгүй юу. Жаргал бол харин юу ч байж болно шүү дээ илүү харьцангуй ойлголт байх.

Анчи Мин зохиолчийн “Улаан сухай” номын орчуулгынхаа талаар товч ярьж болох уу?

Анх уншихад их сайхан байснаа Англи хэлнээс орчуулаад цаасан дээр буулгасан нэг л сонин санагдаад эхэлсэн.

Би тэр зохиолчийг бүрэн гүйцэт мэдэрч өгөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр нь ээлжийн амралтаа аваад эхнэрээ дагуулаад Шанхай явсан. Яагаад гэхээр Анчи Мин зохиолч маань Шанхайд төрж өсөөд Америк улсруу цагаачилсан эмэгтэй юм. Тус улсад очоод жинхэнэ ахуйтай нь танилцах аялал хийж эхэлсэн дээ.

Төдийлөн жуулчдын сонгодоггүй маршрутаар нь явж өөртөө мэдрэмж цуглуулж,цуглуулж гэртээ ирээд нөгөө орчуулгаа ёстой л машиндсан даа. Эндээс ойлгосон зүйл нь хүн аливаа зүйлийг чанартай хийе гэвэл аль болох л өөрийн хийж чадах бүхий л зүйлийг эрэлхийлэх хэрэгтэй юм билээ.

Гэнэт өөр нэг сонирхолтой зүйл санаанд орчихлоо. Ахиад л Ч.Буковскийг ярих гэж байна. Түүний шүлгийн хэлбэрийг харахаар яг л лаазтай пиво шиг харагддаг.

Нэг шүлгийн санаа нь гэвэл “...амьдралд юу ч тохиолдож болно. Гол нь түүнийг хөгжилтэйгээр даван туулах нь зүйтэй” гэж илэрхийлсэн байдаг. Тэгэхээр залуу дүү нартаа аливаа зүйлийг эерэг талаас нь сэтгэн тунгааж байгаарай гэж л захих гээд байгаа юм.

Орчуулагч хүнээс номны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?  Сүүлийн үеийн ном бүтээлийн талаарх таны бодол?

Нэг зүйл дээр маш их гайхдаг юм. Социалист Реализм гээд л үеэ өнгөрөөсөн зохиол бүтээлийг ахин хэвлээд л нөгөөхийг нь хүмүүс шагшин магтаад байдаг. Суртал ухуулгыг ил болон далдаар шингээсэн бүтээлүүдийг ахин дахин хэвлээд баймааргүй санагддаг.

Харин Мон Судараас гаргаж байсан утга зохиолын цувралууд гэх бүтээл мэтийг бол нэн түрүүнд авч уншиж байх хэрэгтэй. Хүн хоол ундаар тааруухан яваад байж чадна харин уншихгүй удаан явах бол үхэхтэй л адилхан юм.

Миний сул тал гэвэл хэт их унших гээд байдаг талдаа.Энэ нь нэг талаараа ёстой нөгөө тэнэгрэл байж мэднэ. Гэхдээ уншихгүй бол утгаараа тэнэгрэлд орох байх.

Монгол зохиол бүтээлүүдээс гэвэл Ж.Батболд гэх залуугийн “Муухай Монгол хүн” номыг уншаад ёстой өөрийгөө тольдож байгаа мэт л болсон. Ер нь ном зохиолд дурлаад эхлэвэл хүн жинхэнэ өөрөөрөө л байж эхэлдэг. Ямар нэг байдлаар хэлбэртэж гоё байх гэж хичээхээ умартдаг.

Би хэсэг хугацаанд бясалгал хийсэн юм. Тэр хугацаандаа би сэтгэл болон оюун бодолд явагддаг олон хэрэггүй зүйлсээсээ ангижирсны нэг нь шунал. Гэхдээ одоо ч гэсэн ном,хөгжим хоёрт л шунан амьдарсаар байна. Үүнд л шунаасай залуучууд минь.

Гэхдээ танд жаахан оройтож ойлгож, ухаарсан юм шиг санагдаагүй юу?

Хэзээ ч ойлгохгүй бол яана.Тэгвэл бүр харанхуй шүү дээ.


Бусад мэдээ

Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ

Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын д

Ариунзул С.
Ариунзул С.