Өнөөдөр буюу долдугаар сарын 7-ны 12:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голын үерийн байдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг танилцууллаа.
Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 43 см-ээр, Туул гол үерийн аюултай түвшинг 8 см-ээр даван үерлэж байна.
Ойрын хугацаанд аадар бороо орох магадлалтай. Усны сав газарт 50-200 метрийн хамгаалалтын бүсийг давж, халиа буюу үерийн онцгой нөхцөл үүссэн байна.
БОАЖЯ ажлын хэсэг байгуулж, ард иргэдийг цаг уурын мэдээллээр яаралтай хангах ажлыг зохион байгуулж байна. Ус цаг уур, орчны шинжилгээний харуулын цэгээс мэдээ дамжуулах боломж байдаггүй, уулан дээр гардаг учир нисдэг тэргээр очиж үерийн давтамж, урсцын мэдээг авлаа.
Долдугаар сарын 11-нд үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Усны онцгой бүсийн дэглэмийг сахиж ажиллах шаардлагатай.
Сэлбэ, Дунд, Гачуурт зэрэг Туул голын цутгалууд дээр байгаа айл өрх, объектуудад нэг сарын өмнө шалгалт хийж, үерийн аюулаас урвдчилсан сэргийлэх талаар онцгой анхааруулсан албан бичгийг хүргүүлсэн. Ойн, усан сангийн онцгой хамгаалалтын бүсэд байгаа айл өрх, ААН-д сануулах болон үе шаттай арга хэмжээг авч байна.
"Play time" наадам болж байгаа энэ цаг үед шөнийн цагт Туул голын эрэг дагаж аялал, зугаалга хийхгүй байхыг залуучуудад зөвлөе" гэв.