fitness
  • 230 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-05

Олон нийтийн хөгжмийн боловсрол, мэргэжлийн шилдэг хөгжимчид, уран бүтээлчдийг дэмжигч “Виртүс” академиас гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо гала концерт” (Virtuoso Gala Concert)-ыг 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Залуу уран бүтээлчдийн буюу Консерваторид суралцдаг шилдэг оюутан, сурагчдын тоглолтыг энэ сарын 6-нд, харин мэргэжлийн уран бүтээлчдийнхийг 7-ны үдэш Улсын филармонид зохион байгуулах ажээ.

Төгөлдөр хуурч М.Цогбадрах тэртээ 1999 онд УДБЭТ-ын хөгжим ангийн дарга байхдаа хүмүүс хэзээ болтол дуурь, балет үзэхгүй, хөгжим ч сонсохгүй байх вэ, тэдний сонирхлыг татахын тулд ямар арга хэмжээ зохион байгуулж болох вэ гэж бодож, сэтгэснээр энэхүү нэгдсэн концертыг санаачилсан юм билээ. Тайзан дээр янз бүрийн зэмсгээр тоглодог хөгжимчид ээлж дараалан гарч ирж, ур чадвар шаардсан, сонирхолтой зохиолууд тогловол үзэгчид дуртай сонсоно хэмээн тооцоолжээ. 2001 онд анхныхыг нь ресторанд хийсэн нь бүтэлтэй болоогүй тул дараа жилээс нь тайзан дээр явуулдаг болжээ.

Одоогийн 20 дахь жилийнхэд эх орондоо болон олон улсад өндөр амжилт гаргасан  оюутан, сурагчдын 16 номер байгаа аж. Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын IV ангийн сурагч, олон улсын уралдаануудын шагналт сурагч Б.Гүен амжилтаар тэргүүлж байгаа юм байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Чех улсад болсон 56 дахь удаагийн өсвөрийн төгөлдөр хуурчдын “Virtuosi per musica di pianoforte” уралдааны гран при шагнал хүртсэн. Мөн Брно хотод болсон “Моцартын” уралдаанд өрсөлдөж, II байр эзлээд эх орондоо уржигдар иржээ. 

Энэ сарын 7-ны үдэш болох мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 19 номероос бүрдэж  буй аж. Энэ хэсэгт хэн, хэн хөгжимдөж, бүжиглэж, дуулахыг товчлон хүргэе. 

“Үндэсний урлаг” хэсэгт нэртэй гурван бүжиг дэглээчийн шавь нар багш нарынхаа дэглэсэн бүжгүүдийг үзүүлэх ажээ. Бүжиг дэглээч, найруулагч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатарын, олны танил болсон “Бие чинь болъё”-ыг ҮУИТ-ын бүжигчид,  бүжиг дэглээч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Хүн” театрын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, МУГЖ Д.Энхгэрэлийн “Урианхай”-г “Хүн” театрын бүжигчид харуулна. Бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор. СУИС, “Соёмбо” чуулгын бүжгийн багш М.Мөнгөнцэцэгийн “Өнцөг бий”-г “Түмэн эх” чуулгын Г.Түмэннасан бүжиглэх аж. Мөн түүний “Тамган биелгээ”-г Завхан аймгийн “Амка дэнс” төвийн үүсгэн байгуулагч, олон улсын уралдаануудын шагналт, язгуур урлагийн дэлхийн аварга Э.Амаржаргал үзэгчдэд хүргэх юм байна.

Үндэсний хөгжимчдөөс морин хуурч. Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Ц.Анхбаяр, Консерваторийн магистрант, Евроазийн бүсийн хөгжимчдийн уралдааны гран при шагналт ятгачин Г.Энххүслэн, ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол хөгжимчин, ёочинч З.Одонтунгалаг, Консерваторийн IV курсын оюутан, ҮУИТ-ын хөгжимчин, хуучирч Э.Энхбат нар болон Морин хуурын “Чөлүгэн” дөрвөл тоглох ажээ.  Сонгодог хөгжимчдөөс нарийн бүрээч. УДБЭТ-ын гоцлол хөгжимчин Т.Мөнхбат, тогоон бөмбөрчин Б.Ганхөлөг, Консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхмийн багш, Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны гран при шагналт Ж.Ариунзаяа тоглох аж. Консерваторийн багш төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа, хийлч Д.Галбадрах, виолончельч Д.Амармэнд нар Германы суут хөгжмийн зохиолч Ф.Менделсоны алдарт нэгэн триог хамтран тоглох нь ээ.

Дуурийн дуучдаас сүүлийн жилүүдэд уран бүтээлийн амжилтаар арвин байгаа УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Уранзолбоо, Б.Батжаргал, Э.Отгонбат, Б.Энхнаран болон дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин Д.Дагвадорж нарыг урьсан байна.

Тоглолтыг цохивор хөгжимчин МУГБ Б.Зоригтын удирддаг Цохивор хөгжмийн чуулга өндөрлүүлэх аж. Зохион байгуулагчид энэ үдэш уламжлал ёсоор ур чадвараар манлай нэгэн уран бүтээлчийг “Виртуоз артист”-аар өргөмжилж, шагнал гардуулснаар энэ удаагийн, 20 дахь жилийн гала концерт өндөрлөх юм байна. Залуу уран бүтээлчдийн ч, мэргэжлийнхний ч тоглолтын тасалбарыг тикет.мн-ээр худалдаалж буй аж. 

Бусад мэдээ

"Хуурамч дипломтой нь батлагдсан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг даруй чөлөөлөх албан даалгавар өгсөн"

"Хуурамч дипломтой нь батлагдсан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг даруй чөлөөлөх албан даалгавар өгсөн"

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг энэ

Ажлын байранд суурилсан сургалтад хамрагдсан төгсөгчид үр дүнгээ хуваалцав

Ажлын байранд суурилсан сургалтад хамрагдсан төгсөгчид үр дүнгээ хуваалцав

Европын холбооны төлөөлөл Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол Улсаас БШУЯ, Отгонт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.