Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн боловсролын сэтгэл зүйч нарыг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Хөтөлбөрийг нээж "Шинэ Эхлэл" ТББ-ын захирал, Клиник сэтгэл зүйч (Ph.D) Т. Хонгорзул хэлсэн үгэндээ, Бид Сэтгэл зүй, Хүний хөгжлийн Шинэ эхлэл төвийг 2014 онд байгуулж, 10 дахь жилдээ сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг олон нийтэд таниулах, хүргэх, мэргэжлийн сэтгэл зүйч нарыг чадавхжуулах, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Гэрэл-Эргэлт" цогц хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сард нээлтээ хийж, танилцуулж байсан. Тухайн үед хөтөлбөрөө Австралийн сайн дурын хөтөлбөрт танилцуулан, хамтран ажиллах хүсэлтээ өгсөний дагуу Австралийн сэтгэцийн эмч Доктор Жойстой 2024 оноос эхлэн мэргэжлийн сэтгэл зүйч нарыг чадавхжуулан, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болсон юм.
Австралийн Элчин сайдын яамнаас бидэнд "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрөө өргөжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэн, санхүүжилт олгож хамтран ажиллахаар болсонд маш их талархаж байна. Төслийн зорилго нь сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулж өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, өсвөр насныхан сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч амьдралын хэцүү үеүдийг даван туулах чадварыг олгоно гэдгийг онцлов.
ЕБС-иудаас шалгарсан 35 сэтгэл зүйчийг чадавхжуулах сургалт хөтөлбөр 2024 оны 4-р сарын 8-аас 12-р сарын 20 хугацаанд үргэлжлэх бөгөөд 24 цагийн сургалт, 28 цагийн супервишинд хамрагдаад зогсохгүй өөрийн сурсан мэдсэн зүйлээ практикт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Хөтөлбөрт хамрагдсан сэтгэл зүйч нар өөрсдийн сургууль дээр өсвөр насны 100 хүүхэд, 50 эцэг эхэд сургалтаар олсон зүйлээ заах юм. Хөтөлбөрийн хүрээнд нийт 3000 хүүхэд хамрагдаж, 800 эцэг эхчүүдэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн анхаарах ойлголт өгөх сургалтыг хийнэ. Цаашлаад төслийг өргөжүүлэн “Хүний Эрхийн Үндэсний Комисс”, ”Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам”-ы хэрэгжүүлэгч агент “Гэр бүл хүүхэд, залуучуудын газар”-тай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ илэрхийллээ.
Австралийн Элчин сайдын яамны төлөөлөгч, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Прэстон: Австралийн сайн дурын ажилтан хөтөлбөрөөр дамжуулан "Шинэ Эхлэл" ТББ нийгэмд маш ач тустай ажил хийснийг бид харсан. Энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, бичил төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2023-2024 оны санхүүгийн жилд Монголд зарласан бичил төсөлд "Гэрэл-Эргэлт" төслийг хамруулсан нь шалгарч 59 мянган австрали долларын санхүүжилт олгосонг Австралийн Засгийн газрын өмнөөс дуулгаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд амжилт хүсэж, Монголын өсвөр үеийнхэн, залууст ач холбогдолоо өгсөн, эерэг үр дүн авчирсан төсөл болно гэдэгт итгэж байна.
Хэн нэгний амийг аврах, амиа хорлох үйлдлийг болиулах нь маш үнэ цэнтэй, чухал үйл хэрэг. "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрөөр дамжуулан эцэг эхчүүд болон сургуулийн сэтгэл зүйч нарт залуусыг дэмжих, туслах боломжтой болж байгаа нь саашаалтай. Бидний хувьд Австралиас мэргэжлийн сэтгэл зүйчийг Монголд урьж сэтгэл зүйч нарт мэргэжлийн чадавхыг сайжруулах сургалтыг хийж байгаа. Өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн олон асуудал, амиа хорлох бодол төрдөг гэдгийг олон нийтээр ойлгож, нүдээ аниад өнгөрөхгүйгээр хэрхэн шийдэх талаар нээлттэй суралцаж, хуваалцдаг болох нь төслийн ач холбогдол гэж харж байна. Мөн энэ төслийн онцлог нь зөвхөн гадны туршлагыг нэвтрүүлэхээс гадна дотоодын мэргэжилтэн, сэтгэл зүйч нараа чадавхжуулан бэлтгэж байгаа явдал юм.
“Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам” -ны төлөөлөгч Rachel Stone: “Гэрэлт-Эргэлт” төсөл маш гайхалтай төсөл гэж бодож байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын талаар нээлттэй ярих боломжтой байна гэдэг нь чухал билээ. Монголд өсвөр насныхны 30 гаруй хувь нь амиа хорлох бодол төрж, оролдлого хийж байсан гэдгийг сонсоод маш их цочирдсон. Магадгүй бодит тоо нь үүнээс илүү ч байж болзошгүй. Хэн нэгнийг сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай байгааг гаднаас нь хараад тэр бүр мэдэх боломжгүй. Саяхны НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар, Дэлхийд 1.3 тэрбум өсвөр үеийн залуус сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай, амиа хорлох бодол, оролдлого хийж байгаа гэх тоог дурдсан нь өндөр аюултай үзүүлэлт. Өсвөр насныхны хувьд хүүхэд наснаас том хүн болох шилжилтийн хүнд, эмзэг үеийг даван туулдаг бөгөөд сэтгэл зүйн олон асуудал, хэрэгцээ шаардлага бий болж байдаг. Иймд цаг үеэ олсон төслийг хэрэгжүүлж буй "Шинэ Эхлэл" ТББ, төсөлд оролцож буй бүх хүнд талархаж байна. Австралийн бичил төслийн хөтөлбөр нь Австралийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар санхүүждэг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын нийгэм эдийн засгийн хүрээнд хэрэгжсэн 100 гаруй төслийг Австралийн бичил төслийн хөтөлбөрөөр санхүүжүүлээд байна. "Гэрэлт-Эргэлт" төсөл ч мөн амжилттай хэрэгжиж эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Та бүхэнд ажилт хүсье.
ДЭМБ-ын тайлан мэдээнд дурдсанаар, Амиа хорлолт нь 15-29 насныхны нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт бичигдэж байна.
Манай улс амиа хорлолтын үзүүлэлтээр бүс нутагтаа гуравдугаарт орж байгаа нь энэ чиглэлд анхаарах зайлшгүй шаардлагатайг харуулж буй.
Клиник сэтгэл зүйч (Ph.D) Т. Хонгорзул: Хүн сэтгэл зүйн хувьд эрүүл, хэвийн үедээ хэзээ ч амиа хорлох талаар боддоггүй. Ийм бодол төрж байна гэдэг нь удаан хугацаанд сэтгэл нь өвдөж явснаар бий болсон гэсэн үг юм. Сэтгэцийн эрүүл мэндээ анхаарах байдал урьд урьдынхаас илүү сайжирсан хэдий ч нийгэмд тулгарч байгаа олон асуудлаас улбаатай, гэр бүлийн хүчин зүйлийн нөлөөллөөр олон бэрхшээлүүд үүсэж байна. Ялангуяа сургуулийн орчинд өсвөр насныханд туслах сэтгэл зүйчдийг чадавхжуулах нэн шаардлагатай байгаа юм. ЕБС-д сэтгэл зүйн тулгамдсан асуудал, амиа хорлох бодол төрдөг талаараа сургуулийн сэтгэл зүйчид хандаж байгаа тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс боловсролын сэтгэл зүйч энэ талын ойлголт, мэдлэгтэй болж, хэрэгцээтэй тусламж дэмжлэгийг үзүүлэх чадвартай болох шаардлагтай. "Гэрэл-Эргэлт" төсөл хөтөлбөрийг яг энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа. Амиа хорлолт нь сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй холбогддог учир сэтгэцийн эмч, сэтгэл заслаар мэргэшсэн мэргэжилтэнд хандаж тусламж авах шаардлагатай байдаг. Сургуульд ажиллаж байгаа сэтгэл зүйчид сэтгэцийн ийм өөрчлөлтөд орсон хүүхэд хандаж байгаа учраас сэтгэцийн өөрчлөлт ямар үед явагддаг, сэтгэл гутрал, түгшил, бие хүний эмгэгүүдийн тухай ойлголттой болсноор өөрийгөө гэмтээх зан үйлдэл хийсэн, амиа хорлох талаар бодож буй хүүхдэд хэрхэн яаж туслах талаар мэргэжлийн чиг баримжаа, арга зүйтэй болох юм. Ингэснээр хүүхдэд туслах, шаардлагатай тохиолдолд холбон зуучлах, мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч нартай хамтарч ажиллах боломжтой болно.
Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх энэхүү цогц хөтөлбөрийг өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэхээр Ерөнхий Боловсролын Сургуулиудад ажиллаж буй сэтгэл зүйчдийн дунд сонгон шалгаруулалт зарласан. Улаанбаатар хотоос 77, орон нутгаас 47, гадаад улсаас нэг мэргэжилтэн, нийт 125 сэтгэл зүйч, мэргэжилтнүүд бүртгүүлж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлжээ.
Зөвхөн сургуулийн сэтгэл зүйчид төдийгүй сэтгэл зүйн төв, сургалтын төв, эмнэлгийн байгууллага, халамжийн төв, хил хамгаалах байгууллага болон насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагуудаас хүсэлт илгээсэн нь энэхүү хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа юм.
Нийт 125 сэтгэл зүйч бүртгүүлснээс анкет, ярилцлагын шатанд 50 сэтгэл зүйч уригдаж, тэдний хүсэл эрмэлзэл, тухайн бүс нутагт /сургуульд/ уг хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага байгаа эсэх болон төсөлд бүрэн хамрагдах боломж зэргийг харгалзан үзэж 35 сэтгэл зүйчийг сонгон шалгаруулж хамтран ажиллахаар болсон.
Тодруулбал, Улаанбаатар хотоос 17, хөдөө орон нутгаас Дархан-Уул, Булган, Ховд, Дундговь, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Сайншанд, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод аймгуудаас 18 сэтгэл зүйч тус тус оролцохоор шалгарчээ.
Сэтгэл зүйчдийг хөтөлбөрт шалгаруулж оруулахад сургуулийн удирдлагын зүгээс дэмжиж байгаа нь бас нэг шалгуур болжээ. Сургуулийн удирдлага, төлөөлөгч нар энэ чиглэлд хамтарч байгаа нь хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж, сургуулиар дамжуулан тухайн орон нутаг, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.