Иргэн Ж бусдын машин дээр сүү өргөчихжээ. Гэтэл тус автомашины эзэн Л гэрт нь орж, маргаан дэгдээн Ж-г гэрээс нь чирч гаргасан. Ингэх явцдаа гарнаас нь татаж баруун богтос ясны залааны далд хугарал, баруун тохой, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд цус хуралт үүсгэжээ (Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон).
Гэтэл 6 жилийн дараа гэмтэл сэдэрч, эмчлүүлсэн ч удаан хугацаанд бие махбод болон сэтгэл санааны зовуур шаналалтай байсан. Шөнө унтаж чадахгүй нойргүйдэх, гарын өвчний улмаас яс янгинах, салганаж чичрэх зэргээс шалтгаалж сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж зарим тохиолдолд хийж байгаа, хэлсэн зүйлээ мартах шинж тэмдгүүд илэрдэг болсон. Иймд иргэн Ж сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг Л-ээс нэхэмжилжээ (Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан).
Манай улсад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” эрхзүйн орчин 2022 онд Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсанаар бүрдсэн юм. Улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн.
Энэ 85-д эхэнд дурдсан иргэн Ж, Л нарын маргаан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ч багтсан. Мөн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэх мэт гэмт хэргийн улмаас хохирсон бол сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломж бүрдсэн. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.
Гэвч тулгамдаж буй асуудлууд бий аж. Иймд “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн болон Иргэний хэргийн танхимаас (2025.05.23) зохион байгууллаа Хэлэлцүүлэгт АНУ-ын Техас мужийн Рузвельт хотын шүүхийн Ерөнхий шүүгч Мэтью Г.Райт, Форт Уорт хотын Вановер дүүргийн 8 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч Чарлз Чак нар биечлэн, Японы Нагояа их сургуулийн профессор, доктор Курита Масархиро цахимаар оролцов.
Японд эдийн бус буюу сэтгэл санааны хохирлыг хэрхэн төлүүлж буй тухай профессор, доктор Курита Масархиро сонирхолтой жишээ дурдав.
Монголчууд сэтгэл санааны хохирол гэж хэлж хэвшсэн бол Японы хуульд "эдийн бус хохирол" гэж тодотгосон. Учир нь энэ хохирол зөвхөн бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тохиолдолд учирдаг хязгаарлагдмал зүйл биш. Нэр төрөөс гадна бусдын эрх зөрчигдөж л байвал тэнд сэтгэл санааны буюу эдийн бус хохирол үүсдэг гэж үздэг байна.