fitness
  • 16 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Э.Мөнх-ОргилЭ.Эрдэнэ-Очир

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц (Tenzin Gyatso)-ын 90 насны ой 7 дугаар сарын 6-ны өдөр болж өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Энэтхэгийн Дарамсалад Төвөдийн буддын шашны ахмад, тэргүүн лам нарын цугларалт болж, энэ үеэр XIV Далай ламын дүрс бичлэгт буулгасан мэдэгдлийг олон нийтэд хүргэв. Тэрээр мэдэгдэлдээ Далай ламын институт цаашид үргэлжилнэ, өөрөөр хэлбэл түүний хойд дүр тодорно гэдгийг олон нийтэд зарлав. Мөн XIV Далай лам Энэтхэгт бүртгэлтэй, өөрийнх санаачлан байгуулсан Гандан Повран сан (Gaden Phodrang Trust) түүний хойд дүрийг албан ёсоор тодруулах, хүлээн зөвшөөрөх эрх бүхий цорын ганц байгууллага байна хэмээн албан ёсоор мэдэгдэв. Харин түүний хойд дүрийг хэрхэн, хаанаас тодруулах талаар ямар нэгэн зүйл дурдагдсангүй. 

Тэгвэл Далай ламын хойд дүрийн асуудал яагаад чухал вэ? 

Энэ асуудал чухам монголчуудад ямар хамаатай вэ?

Дараагийн Далай лам Монголоос тодрох боломжтой юу?

Түүхэн уламжлал

Товчхон дурдахад, дэлхий даяар 500-600 сая Буддын шашинтнууд буюу Буддаг шүтэгчид байдаг гэсэн тооцоо байдаг ба Буддын шашин нь дэлхийн дөрөв дэх том шашин юм. Буддизм нь үндсэн гурван урсгалд хуваагддаг (Теравада, Их Хөлгөний, Очирт Хөлгөний) ба эдгээрээс Очирт Хөлгөний буюу Важраяна нь Төвөдөд үүсэн хөгжиж явсаар өөрийн гэсэн уламжлал бүхий Төвөдийн буддын шашин болон хөгжжээ. Цаг хугацааны явцад Төвөдийн буддын шашин өөрөө таван үндсэн урсгалд хуваагдсан байна: Нинмаава (Nyingma), Гармава (Kagyu), Сажава (Sakya), Гэлүгва (Gelug) болон Жонан (Jonang). Эдгээр дотроос Гэлүгва (төгс буянтын ёс) буюу шарын шашин Төвөдийн буддын шашин дотроо хамгийн их дагагчтай (70 орчим хувь) урсгал болж Монгол, Хятадын Төвөд, Өвөр Монгол, Хөхнуур, Сычуань, Энэтхэгийн Ладак, Оросын Буриад, Халимаг, Тува болон Бутан, Балба зэрэг улсад өргөн дэлгэрчээ.

Цаашилбал Гэлүгва буюу шарын шашинд тус урсгалыг дагагчид олон нийтээрээ даган шүтдэг, хоорондоо харилцан уялдаатай, шууд эрэмбэлэх боломжгүй “тулгын гурван чулуу” төлөөлөгч буюу “дүр” байдаг нь Далай лам, Банчин лам болон Халхын богд Жавзандамба хутагт юм. Хамгийн чухал нь Далай лам, Банчин лам, Жавзандамба хутагт нар харилцан бие биеийнхээ хойд дүрийг тодруулж батламжилдаг уламжлалтай. Дээрх шарын шашны гурван өндөрлөгийн түүхийг судалж үзэхэд уламжлал ёсоороо Банчин лам, Далай лам хоёр бие биеийнхээ хойд дүрийг тодруулах, батламжлахад гол үүрэгтэй оролцож ирсэн бол Богд Жавзандамба хутагтыг Банчин лам, Далай лам хоёр тодруулж иржээ.

Далай ламын цол, нэрний түүхийг авч үзвэл анх 1578 онд Монголын Түмэдийн Алтан хан “Далай лам” хэмээх нэрийг Гэлүгва урсгалын тухайн үеийн тэргүүн Содномжамцад олгосноор Далай ламын институтийн үүсэл гарал нь эхэлж, шарын шашин Монгол, Төвөдөд дэлгэрэн хөгжих суурийг тавьжээ. Монголчуудын “Далай лам” гэх нэр цолыг гаргаж ирсэн нь зүгээр нэг бэлгэдлийн чанартай байгаагүй бөгөөд тус өндөр дээд хэргэмээр дамжуулан Төвдөд соёл, шашны нөлөөгөө тогтоох, улмаар Далай ламын институтээр дамжуулан шууд бус улс төрийн хяналт тогтоох зорилготой байжээ. Товчхондоо, Далай ламын институттэй монголчууд түүхэн цаг үеэсээ өвөрмөц харилцаатай, нөлөөтэй байж иржээ.

Далай ламын хойд дүрийн асуудлын эргэн тойронд

Далай ламын хойд дүрийг тодруулахтай холбоотой Төвөдийн буддын шашны гурван тэргүүнийг авч үзвэл өнөөдөр олон нийтэд хамгийн танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн нь гарцаагүй XIV Далай лам. Банчин ламын хувьд 1995 онд Хятадын тодруулсан XI Банчин лам Жанцанноров (Gyaltsen Norbu)-ыг XIV Далай лам, Төвөдийн орогнолын Засгийн газар хүлээн зөвшөөрдөггүй.

2023 оны 3 дугаар сард Энэтхэгт болсон ёслолын үеэр XIV Далай лам хөвгүүнийг сүсэгтнүүдийн өмнө Жавзандамба хутагтаар зарлаж танилцуулсан юм. Гэрэл зургийг: Тэнзин Чойжир

Харин X Богд Жавзандамба хутагтыг XIV Далай лам өөрөө тодруулсан боловч тэрээр эдүгээ балчир, олон нийтэд зарлаад удаагүй байна. Өдгөө Жавзандамба хутагт 10 настай бөгөөд тэрээр саяхнаас л бурхны шашны сургаалыг үзэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын Жавзандамба хутагт хараахан олон улсад танигдаагүй байна. Иймд XIV Далай ламыг буддын шашны хамгийн нөлөө бүхий лам, тус шашныг авч яваа гол хүн гэж зайлшгүй үзэх бөгөөд түүний хойд дүрийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь гарцаагүй юм. 

Үүнээс гадна, дээрх лам, хутагтуудын хойд дүрийг тодруулах, хүлээн зөвшөөрүүлэх асуудал нь өөрөө маш олон давуу тал, ач холбогдолтой юм. Тодруулбал, шашин соёлыг дагасан аялал жуулчлал хөгжихөөс гадна нийгмийн эв нэгдэл, оюун санааны дархлаа, шашин соёлын өвөө бэхжүүлэх, цаашлаад олон улсын тавцанд тухайн улс орны нэр хүнд өсөх, зөөлөн хүчний бодлого явуулах боломж олгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Ийм чухал ач холбогдолтой үйл явцад улс орнууд хэрхэн оролцох магадлалтай, оролцогч талуудын хувьд анхаарах ямар асуудал, эрсдэл байгааг авч үзье. Энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарлах үүднээс хүснэгтээр харуулахыг хичээлээ.

Монгол Улсын оролцоо

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын нас ахиж, хойд дүрийнх асуудал нь улам ярвигтай, ялангуяа “хоёр Далай лам” тодорч магадгүй болсон энэ цаг үед Монгол Улс Төвөдийн буддизмын ирээдүйг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэж магадгүй нөхцөл байдал үүсэж байна. Зарим судлаачдын хэлснээр “Умрын буддизм”-ын сэргэлт ч байж магадгүй. 

Тодруулбал, нэн түрүүнд, Төвөдүүд Далай ламын хойд дүрийг хэрхэн тодруулахаас үл хамааран XV Далай ламыг албан ёсоор өргөмжлөх цагт Монголын X Богд Жавзандамба хутагтын оролцоо, батламж зайлшгүй хэрэгтэй болно. Төвөдүүдийн хувьд Хятадын тодруулсан Банчин ламыг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой тул Монголын Жавзандамба хутагтаар Далай ламын хойд дүрийг батламжлуулах (хүлээн зөвшөөрүүлэх) нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд чухал ач холбогдолтой юм.

Хоёрдугаарт, XIV Далай лам таалал төгссөний дараа шарын шашны төв аажмаар Монгол руу чиглэх бодит боломж бий. Монголд шинээр тодорсон Богд Жавзандамба хутагтад итгэл хүндэтгэл өргөхөөр сүсэгтнүүд, гадаадын жуулчид олноор ирэх магадлалтай бөгөөд Улаанбаатар Төвөдийн буддын шашны төв цэг болох нөхцөл бүрдэж болох юм.

Ийм ээдрээтэй, тодорхойгүй нөхцөлд Монгол ямар бодлого баримтлах вэ? Монгол Улсын хувьд шашин, соёлын буюу “оюун санааны өвөрмөц харилцаагаа хадгалж, улс төрийн хувьд төвийг сахих” (spiritual engagement, political neutrality) бодлого тууштай баримталж, тэнцвэртэй байдлыг хадгалах нь хамгийн оновчтой гэж үзнэ.

Энэ нь Монголд өөрсдийн шашин, өв соёлоо хамгаалах, дэлгэрүүлэх боломж олгохын сацуу Төвөдийн асуудлыг тойрсон улс төр, геополитикийн хурцадмал байдалд “хутгалдахаас” сэргийлэх юм. Ингэснээр Монгол Улс өөрийн шашин соёлоо хамгаалж, зөөлөн хүчний бодлого, байр сууриа бэхжүүлэн, буддын шашны шинэ төв болон хөгжих боломжийг өөртөө бүрдүүлж ч мэднэ.

Эцэст нь хэлэхэд, Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явц нь зөвхөн Төвөд, Монгол хоёрын асуудал бус, дэлхийн буддын шашны ирээдүйг тодорхойлох томоохон үйл явдал юм. Харин Монголчуудын хувьд энэ нь өвөг дээдсээс уламжилсан түүхэн хариуцлагаа ухамсарлаж, төвийг сахисан ухаалаг бодлогоор дамжуулан шашин соёлоо бататган хадгалах чухал мөч гэж үзэж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн