Гол, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явган болон авто машинтай зорчих, тээвэр хийх нөхцөл бүрдээгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байгаагаас гол, нуурын мөсөн бүрхүүл харилцан адилгүй байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нуурын мөсөн дээгүүр 6 зорчигчтой 3 авто машин явж байхдаа цөмөрч, иргэд нь эсэн мэнд гарч, авто машин нь живжээ. ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид нуурын эргээс 10 метр зайд байсан ачааны "Киа бонго-3" авто машиныг татан гаргасан байна.
Харин нуурын мөс хэт нимгэн байгаа тул эргээс 280 метр орчим зайд живсэн “Тоёота пробокс” загварын суудлын авто машиныг татаж гаргах ажиллагааг түр зогсоогоод байна.
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын авто машин цөмөрч, иргэд нь эсэн мэнд гарсан дуудлагын дагуу ОБГ-ын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийнхэн ажиллажээ.
Он гарснаас хойш улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагын дагуу ОБГ-ын алба хаагчид очиж 16 тээврийн хэрэгслийг татан гарган, 22 иргэний амийг аварчээ.