Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэй зочлох үйлчилгээний салбарынхны “HORECA MONGOLIA conference & festival 2026” үйл ажиллагааг “Мишээл экспо” төвд найм дахь жилдээ энэ сарын 11-нд зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэгээр тодорхойлж, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах зорилт тавин ажиллаж буй.
Энэ жилийн үйл ажиллагаа нь “Gastro nomad: taste & story” буюу нүүдэлчдийн хоолны соёл, түүхэн өгүүлэмжид тулгуурлаж буйгаараа онцлогтой. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний хоолны өв соёлоо дэлхийд таниулах, түүнчлэн зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй залуучуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бодлого, зорилттой уялдаж байгаа аж.
Тус үйл ажиллагаа “GASTRO NOMAD” фестивал: Үндэсний болон олон улсын хоолны соёлыг сурталчлах тогооч, бартендерийн мэргэжлийн тэмцээн, төрөл бүрийн мастер класс болон тусгай үзүүлбэр, “HORECA CONFERENCE” чуулга уулзалт: Дотоодын болон олон улсын /8-10 орны/ нэр хүндтэй илтгэгчид уригдан оролцож, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын дэлхийн чиг хандлага, шинэ стандарт, инновацын талаар илтгэл, хэлэлцүүлэг, “HORECA Hub Zone” үзэсгэлэн: Ханган нийлүүлэгч байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, B2B /бизнесээс бизнест/ харилцаа тогтоох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх юм.