fitness
  • 80 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

УИХ-аар өнгөрсөн долдугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү зохицуулалт ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд орсон шинэ зохицуулалтыг "Хууль төрсний дараа" булангаараа танилцуулж байна.  Уг өөрчлөлтөөр ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.1-0.2 хувь болгож бууруулсан байна. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хэмжээ 0.5, 1.5, 2.5 хувиар шаталсан байдлаар төлдөг байсныг 0.3, 1.2, 2.2 хувь болгож тус бүр 0.3 хувиар буулгажээ. Харин ажилгүйдлийн даатгалын хувь хэмжээ 0.5 хувь байсныг 0.6 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Ийнхүү ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ шаталсан байдлаар буюу 10.5 хувь байсныг 10.4 хувь, 11.5 хувь байсныг 11.3 хувь, 12.5 хувь байсныг 12.3 хувь болгож бууруулсан аж.


Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах хэд хэдэн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа ажилтан зөвхөн нэг гэрээний цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Тодруулбал, ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах хоёр ба түүнээс олон гэрээгээр давхар ажиллаж байгаа даатгуулагч зөвхөн нэг гэрээний цалин хөлснөөс шимтгэл төлдөг байхаар хуульчилжээ. Даатгуулагч ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд, хэдэн гэрээний дагуу давхар ажиллаж байгаа тохиолдолд өөрт таатай нэг гэрээг сонгон нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч нь ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр давхар ажиллаж байгаа бол эдгээр гэрээний цалин хөлснөөс шимтгэлийг давхардуулан төлөхгүй байж болохоор зохицуулж өгсөн байна. 

Ажил эрхэлж байгаа оюутан, суралцагчид нийгмийн даатгалын зарим шимтгэлээс чөлөөлөгдөх, нөхөн төлөх боломжтой болов
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг хангах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шинэ зохицуулалт тусгагдлаа. Тодруулбал, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрөөр мөн их сургууль коллежид бакалавр болон дэд бакалавр хөтөлбөрөөр суралцаж байгаа 15-24 насны суралцагч хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх түүнтэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа бол өөрөө хүсвэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас бусад нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно. Мөн оюутан суралцагч 26 насанд хүрэхээс өмнө төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох бөгөөд шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гарган шимтгэл төлөх хэмжээ болон хугацаагаа нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлнө.
Тэтгэврийн мөнгөн хуримтлалтай боллоо 
Даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувийг мөнгөн хуримтлал болгон үүсгэж болно. Өөрөөр хэлбэл, даатгуулагч тэтгэврийн мөнгөн хуримтлал бүрдүүлэх зорилгоор өөрөө хүсвэл даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний 1 хувийг хуримтлуулж болно. Ингэхдээ тэтгэврийн мөнгөн хуримтлалыг даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос таваас доошгүй жилийн өмнө үүсгэнэ. Харин даатгуулагч нас барвал өв залгамжлагчид өвлүүлнэ. Улсын төсвөөс даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх урамшууллыг жилд нэг удаа олгоно. Тэтгэврийн мөнгөн хуримтлалыг санхүүгийн хэрэгсэлд оруулж хүүгийн болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсгөх ажээ.
Шинээр ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шинээр ажлын байр бий болгож байгаа ажил олгогчдод шимтгэлийн чөлөөлөлт үзүүлнэ. Сүүлийн тав хүртэлх жилийн дотор шинээр бүртгүүлсэн тав хүртэлх ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 36 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө. Тухайлбал, таван ажилтантай бол гурван ажилтны, дөрвөн ажилтантай бол хоёр ажилтны хоёр эсвэл гурван ажилтантай бол нэг ажилтны ажил олгогчоос төлөх шимтгэлийг чөлөөлөх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа тохиолдолд ажил олгогчоос төлөх НДШ-ийг 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө. Уг шинэ зохицуулалт төрийн болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагад хамаарахгүй.
Анх удаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа иргэний төлөх шимтгэлийг 50 хувиар чөлөөлнө
Анх удаа сайн дураар даатгуулж буй иргэдийг шимтгэлийн хөнгөлөлтөөр дэмжих шинэ зохицуулалт тусгагдсан байна. Тодруулбал, одоогийн мөрдөж байгаа хуулиар сайн дураар даатгуулж байгаа иргэд тодорхойлсон орлогынхоо 13,5 хувиар шимтгэлээ өөрөө бүрэн хариуцаж төлж байгаа бөгөөд ямар нэг шимтгэлийн хөнгөлөлт,чөлөөлт байхгүй юм. Тэгвэл шинэ зохицуулалтаар нийгмийн даатгалд өмнө нь албан журмаар болон сайн дураар даатгуулж байгаагүй Монгол Улсын иргэн анх удаа сайн дураар даатгуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сар хүртэлх хугацаагаар чөлөөлөхөөр болсон байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн