Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан аравдугаар сарын 30-нд Сөүл хотноо болжээ.
Хуралдааны үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, виз мэдүүлгийн үйл явцыг цахимжуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, БНСУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Ким Жим А нар тэргүүлж, холбогдох албаны төлөөлөгчид оролцсон байна.
Монголын талаас БНСУ-ын виз мэдүүлэхэд олон шат дамжлага дамжих, давхар төлбөр төлөх зэрэг хүндрэл байгааг дурдаж, виз мэдүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх замаар иргэдэд учирч буй хүндрэлийг бууруулах хүсэлт илэрхийлжээ. Мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих үйл явцыг шуурхай, хялбар болгох хамтарсан замын зураглал боловсруулж, энэ хүрээнд яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр болсон байна. Харин эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, БНСУ-ын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандарт, сайн туршлагыг Монголд нэвтрүүлэх асуудлыг хөнджээ.
Аж үйлдвэр, чухал ашигт малтмалын чиглэлээр 2025 онд байгуулсан Монгол, Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр санал солилцсон байна. Түүнчлэн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” хороолол, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслүүдийн талаар ярилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг И Тэ Жүн эмчийн нэрэмжит болгох Засгийн газрын шийдвэрийг БНСУ-ын талд танилцуулж, тус төслийг БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах саналыг тавьсан байна.