Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч Ж.Өнөрбаяртай ярилцлаа.
Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэзээ эхэлсэн бэ? Өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
Алтанбулаг чөлөөт бүс нь Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор байнгын үйл ажиллагаанд шилжсэн. Үзэл санааны хувьд бол УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-аас эхтэй. Алтанбулаг чөлөөт бүсийг газар зүйн байршлын хувьд Ази Европыг холбосон олон улсын АН-3 замын зангилаа хэсэг болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт буюу ОХУ-ын хил орчмын бүсэд байгуулахаар УИХ-ийн 1996 оны 66 дугаар тогтоолоор 500 га газар хилийн зааг тогтоосон байдаг.
Аль ч улсын хувьд чөлөөт бүс байгуулах зорилго нь хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд оршдог.
Өнөөдрийн байдлаар Алтанбулаг чөлөөт бүсэд нийт 105 аж ахуйн нэгж 128 нэгж талбар бүхий 77 га газрыг эзэмшиж, ашиглаж байна. Байнгын үйл ажиллагаатай буюу худалдаа үйлчилгээний чиглэлээр 32 аж ахуйн нэгж бүртгэлтэй ажиллаж байна. 2026 оны 10 дугаар сарын байдлаар 16,626,561 долларын бараа чөлөөт бүсэд нэвтэрснээс 15,040,711 долларын бараа бүтээгдэхүүн худалдаалагдсан, 638,083.9 долларын бараа бүтээгдэхүүнийг Гаалийн бүрдүүлэлт хийж Монголын зах зээлд нийлүүлсэн гэсэн тоон үзүүлэлт байна.
Албанбулаг чөлөөт бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн байдаг вэ?
Авто зам, цэвэр, бохирын шугамын хоолой, цахилгаан хангамж, усан сангийн байгууламж барих гэх мэтчилэн ажлуудад нийт 42.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэхдээ төсөв их орсон, томоохон бүтээн байгуулалтаас зарим нь ашиглагдах боломжгүй нөхцөл байдалтай байна. Тухайлбал, Чөлөөт бүсээс Сэлэнгэ аймгийн төв рүү татсан 25 км бохирын шугам, худгийг 15-20 мянган хүн амтай хотын хэрэглээгээр тооцож хийсэн учраас одоогийн байнгын үйл ажиллагаатай 32 аж ахуйн нэгжийн хэрэглээнд нийцэхгүй буюу ашиглах ямар ч боломжгүй нөхцөл байдалд байгаа.
Энэ мэтчилэн анхнаасаа хэтэрхий өөдрөгөөр төсөөлж, тооцоо судалгааны үзүүлэлтүүдээ хэт өндрөөр тооцоолж хийсэн бүтээн байгуулалтууд бодит байдал дээр ашиглагдах боломжгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтууд үнэ цэнээ алдах нөхцөл байдалд хүрэхээр байна.
Иймд чөлөөт бүсийг нэн хурдтайгаар үйлдвэрлэл, тээвэр логистикийн чиглэлээр хөгжүүлэх нь дээрх бүтээн байгуулалтуудыг эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ.
Чөлөөт бүсэд хэдэн төрлийн ямар ямар зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ?
Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйлд чөлөөт бүсэд эрхлэх үйл ажиллагааны төрлийг зааж өгсөн. Тодруулбал, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, олон улсын банк, санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор зохицуулсан.
Харин тусгай зөвшөөрөл шаардсан үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.
Чөлөөт бүсийн Захирагчийн хувьд бол чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах болон согтууруулах ундаа, тамхи худалдаалах гэсэн 3 төрлийн зөвшөөрлийг олгох эрх хэмжээг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар олгосон.
Засгийн газрын үндэсний “Чөлөөлье” санаачлагын хүрээнд төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээг иргэдэд төвөг чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор зөвшөөрлийн цахим систем ашиглалтад ороод байгаа.
Зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд хүсэлт, холбогдох баримтаа зөвшөөрлийн нэгдсэн систем болон License.mn сайтаар илгээх бөгөөд эрх бүхий байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор баримт бичгийн бүрдүүлбэрийг шалгаад, бүрдүүлбэр хангасан тохиолдолд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын 5-10 өдрийн дотор магадлаад, улмаар үүнээс хойш ажлын 5 өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой.
Ийнхүү нэгдсэн систем ашиглалтад орсноор өмнө нь бизнес эрхлэгчдэд тулгардаг байсан бэрхшээл буюу хүнээс хамааралтай хүндрэл чирэгдэл байхгүй болсон гэж хэлж болно.
Газар олголтыг ямар арга, журмаар зохион байгуулдаг вэ?
Одоогоор бол газар олголт хийгдэх боломжгүй байгаа. Учир нь Газрын тухай хуулийн 221.1 дүгээр зүйлд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэж газар олголтыг зохион байгуулна гэж заасан. Гэвч бүсийн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байна.
Ер нь газар олголт бол Газрын тухай хуульд заасан үндсэн хоёр аргаар буюу дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт гэсэн хоёр аргаар явагддаг. Манай чөлөөт бүсэд өнгөрсөн хугацаанд олгосон нийт 77 га бүхий 128 нэгж талбар газрын 7 нь дуудлага худалдаагаар, 121 нь төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон байдаг.
Ер нь өмнөх үе үеийн захирагч нар чөлөөт бүс дэх газрын харилцааг хуульд нийцүүлэх тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ирсэн байдаг юм билээ.
Чөлөөт бүс дээр газар авч байгаа, олгож байгаа зорилго өөрөө нэг. Газраа зориулалтын дагуу ашиглах хөрөнгө оруулалтаа үе шаттай хийх, ажлын байр бий болгох, дэвшилтэд технологи нэвтрүүлэх гэх мэтчилэн чөлөөт бүсээ хөгжүүлэх зорилготой.
Гэтэл энэхүү зорилго анхнаасаа алдагдсан. Аж ахуйн нэгжүүд газар аваад 15 жил дардаг, хадгалдаг, хугацааг нь сунгуулдаг, бусдад шилжүүлэх замаар ашиг олдог гэх мэтчилэн газар тойрсон асуудлууд үүсэж иржээ.
Тийм учраас миний хувьд ажил аваад хамгийн эхэнд барьж авсан ажлын нэг бол өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн газар олголтын шийдвэрүүд хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргуулсан. Үр дүнд нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, газар ашиглах, эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн цөөнгүй тохиолдол бий болсон гэсэн дүгнэлт гарсан.
Одоо манай Ажлын албанаас ажлын хэсэг гараад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан хөрөнгө оруулалт, газар эзэмшүүлэх болон үйлдвэрлэл үйлчилгээний гэрээнүүдийн хэрэгжилтийг дүгнэхээр ажиллаж байна.
Алтанбулаг чөлөөт бүсэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх чиглэлээр ямар бодлого, стратеги баримталж байна вэ?
Чөлөөт бүсийн хөгжил бол хөрөнгө оруулалтын хэмжээ, зориулалтаас шууд хамаарна. Миний хувьд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч нарын итгэлийг бэхжүүлэхэд Засгийн газрын тогтвортой байдал, дэмжлэг их чухал юм байна гэж харсан. Гадны хөрөнгө оруулагч нар бол салбарын бодлогын тодорхой, тогтвортой байдлыг хүсэж байгаа. Танай чөлөөт бүсийн талаарх бодлого өөрөө тодорхойгүй байна гэдэг зүйлийг ярьдаг.
Манай дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүс байгуулна гэдэг малгай заалт байхаас яаж хөгжүүлэх талаар нарийвчилсан төлөвлөгөө байхгүй. Энэхүү хөгжлийн нарийвчилсан төлөвлөгөөг манай ажлын албанаас боловсруулсан, батлуулахад бэлэн болсон байгаа.
Дээрээс нь чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчин ойлгомжтой, хөрөнгө оруулагч нарт илүү таатай нөхцөлийг санал болгосон байх ёстой. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол татварын болоод газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн таатай нөхцөлүүд байгаа. Тухайлбал, имппортын бараанд гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй, мөн газрын төлбөрийг үйл ажиллагааны чиглэлээс нь хамаараад эхний 5, 10 жилд 100 хувь чөлөөлөх зохицуулалтууд байна.
Мөн хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох хүрээнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг санаачлаад, хуулийн төслийг шат шатанд нь хэлэлцүүлээд, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлууд хийгдээд явж байна.
Ер нь хөрөнгө оруулалт татахын тулд 1-рт, хууль эрх зүйн орчин таатай байх, 2-рт, тухайн салбарт баримталж буй төр засгийн бодлого тодорхой, ойлгомжтой байх, 3-рт, хөрөнгө оруултаа итгэлтэйгээр хийх бусад таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой.
Өнөөдрийн бодит орчин нөхцөл ямар байна вэ? гэвэл тийм ч таатай бус байгаа. Дулааны болон бохирын шугам, усны асуудлаас эхлээд шийдлээ хүлээсэн ажлууд их байна.
Тийм учраас манай салбарын сайдын зүгээс улсын төсөв харахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр чөлөөт бүсийг хөгжүүлэх ёстой гэдэг бодлого, стартегийг баримталж байгаа.
Хөрөнгө оруулагчид болон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй гол хүндрэл, бэрхшээл юу байна вэ? Эдгээрийг шийдвэрлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
Шинээр хөрөнгө оруулалт татах, хэрэгжих боломжтой том том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн эхэнд тулгамдаж байгаа асуудал бол газар олголтын асуудал болоод байна. Газар олгохгүйгээр хөрөнгө оруулалт татах ямар ч боломжгүй. Гэтэл дээр дурдсан бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг болтол батлагдаагүйгээс шалтгаалаад хөрөнгө оруулалт татах, улсын эдийн засагт түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжгүй ийм нөхцөл байдалтай байна.
Харин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд халаалт дулааны зэрэг дэд бүтцийн хүндрэлтэй асуудлууд байна. Халаалтаа цахилгаанаар өөрсдөө шийддэг. Мөн дотоод авто замын асуудал хүнд байна.
Ийм учраас Алтанбулаг суманд байрлах дулааны станцаас дулаан авах асуудал яригдаж байгаа.
2026 оны есдүгээр сард хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг. Энэхүү уулзалтын үр дүнд ямар төсөл, хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болохоор байна вэ?
Чөлөөт бүсийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Чөлөөт бүс нь хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, сурталчлах зорилго бүхий хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байна” гэж заасан. Энэ хүрээнд анх удаа хөрөнгө оруулагчдын зөвлөлтэйгөө цаашдын хамтын ажиллагааны зорилго, зарчим бүхий санамж бичгийг байгуулсан.
Цаашид чөлөөт бүсийн хөгжлийн дүр төрх хүссэн хүсээгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар тодорхойлогдож, явагдах учраас хөрөнгө оруулагчдын зөвлөл болон аж ахуйн нэгжүүдтэйгээ нягт хамтын ажиллагаатай байх зайшгүй шаардлагатай.
Уулзалтын үр дүнд хэд хэдэн хамтын ажиллагааны асуудлууд яригдсан. Тухайлбал, хамгийн нэн түрүүнд шийдэх ёстой нэг асуудал гарч ирсэн нь чөлөөт бүсийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс бүсэд тусгай дэглэм хэрэгжүүлдэг Гааль, Хилийн байгууллагын албан хаагчдын ажлын байрны гадна талын дулааны шугамыг хөрөнгө оруулагчдын санхүүгийн дэмжлэгээр шинээр сольсон.
Хоёрдугаарт, чөлөөт бүсийн хоёр байрлалд боловсон ариун цэврийн өрөө бүхий нэг цэгийн үйлчилгээтэй барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашиглалтад оруулахаар сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил хийгдээд явж байна.
Энэ мэтчилэн чөлөөт бүсийн хэвийн үйл ажиллагааг хангах, өргөтгөх, хөгжүүлэх хүрээнд хийх ажлууд их байна.
Алтанбулаг чөлөөт бүсийн газар зүйн байршлын давуу талыг ашиглан Монгол, Орос, Хятад гурван улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ямар боломж байна вэ?
Энэ бол бүрэн боломжтой асуудал. Манай чөлөөт бүс бол газар зүйн хувьд нэн тохиромжтой байршилд байдаг талаар өмнө ярьсан.
Тээвэр логистикийн чиглэлээр бүсийн үйл ажиллагааг өргөтгөсөн тохиолдолд чөлөөт бүс рүү зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Үүнийг дагаад бараа эргэлт сайжирна.
Гэхдээ энэ бол зөвхөн хойд, урд хөршийн асуудал биш. Зүүн өмнөд ази, европын улс орнууд руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, дамжин өнгөрөх маш том бодлогын асуудал. Одоо жишээ нь БНХАУ-аас ОХУ болон европын улсууд руу чиглэж буй ачаа тээврийн урсгал Манжуураар буюу олон мянган км-ын холуур тойрч явж байгаа. Энэ ачаа тээврийн урсгалыг Замын-Үүдээс Алтанбулаг чиглэлд авсан тохиолдолд цаг хугацаа болон зардал хэмнэх зэрэг маш олон сайн үр дагаврууд бий болох тооцоо судалгаа байгаа учраас БНХАУ-ын худалдааны бизнес эрхлэгчид манайхаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх сонирхол асар их байдаг. Тийм учраас манай чөлөөт бүс дээр олон улсын стандартад нийцсэн тээвэр логистикийн бүс барьж, ашиглалтад оруулах шаардлагатай.
Иймэрхүү байдлаар аль аль талдаа харилцан ашигтай байдлаар хөгжих боломжууд их харагдаж байгаа. Энэ тал дээр төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна.
Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ямар шинэчлэл хийж, ямар үр дүнд хүрээд байна вэ?
Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны нэг болох “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа болон үйлчилгээний мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй, ил тод байршуулж байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл авах боломж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдал хангагдана. Манай байгууллагын хувьд сүүлийн 3 улирал дараалаад ил тод байдлын үнэлгээгээр 90 хувиас дээш буюу хангалттай үнэлгээ аваад байна.
Алтанбулаг чөлөөт бүсийг ирэх 3–5 жилийн хугацаанд ямар түвшинд хүргэх зорилт тавьж байна вэ?
Ямар ч байсан бид нэн түрүүнд бүсийнхээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж авах шаардлагатай. 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр ерөнхий төлөвлөгөөг хийхээр нэг компанийн хамтрал шалгараад, хийж өгөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй байсныг холбогдох газарт удаа дараа хүсэлт гаргаж тухайн этгээдтэй байгуулсан гэрээг цуцлуулсан. Одоо шинээр дахиж хийлгэж шаардлагатай болсон тул зохих зардлыг 2027 оны төсөвт тусгуулахаар саналаа өгсөн.
Иймэрхүү байдлаар чөлөөт бүсийн хөгжил хэдэн жилээр саадсан, улс орны хөгжих боломж тэр хэмжээгээр алдагдсан зүйлүүд байна.
Тийм учраас бид хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг маш сайн тооцоо судалгааны үндсэн дээр зуруулж аваад, ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаад, хэрэгжилтийг нь хангаад, газар олголтыг төлөвлөгөөний дагуу, эмх замбараатай олгоод явахад манай чөлөөт бүс маш богино хугацаанд хөгжих боломжтой.
Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд Та ямар уриалга, мессеж хүргэх вэ?
Манай чөлөөт бүс бол газар зүйн байршлын хувьд ч, хууль эрх зүйн шинэчлэлийн хувьд ч гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцэхээр байгаа. Иймд ирээдүйд үнэ цэнэ нь улам нэмэгдэх Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийж, бүсийн
хөгжлийг хамт даа бүтээцгээе гэж уриалъя даа.