fitness
  • 70 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдсэн.  Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт зэргийг үндэслэн Ерөнхийлөгч нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-ы улмаас бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрхтэй юм. Гэхдээ, энэхүү хүсэлтийг хүлээн авах эсэхийг УИХ-аар шийдвэрлэх зохицуулалттай байна.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор буюу 11 сарын 24-ний өдрийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль:
98.1. Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын хорооны санал, дүгнэлтийг мөн ажлын 5 өдрийн дотор буюу 12 сарын 02 өдрийн дотор хэлэлцэх ба ил санал хураалт явуулах зохицуулалттай байна. Улмаар, УИХ-ын нийт гишүүний олонх буюу 64 ба түүнээс олон тооны гишүүн Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжсэн санал өгсөн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батлагдсанд тооцох зохицуулалттай аж.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль:
98.2. Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно.

Харин, ийнхүү УИХ-ын нийт гишүүний олонх дэмжээгүй буюу дэмжсэн гишүүдийн тоо 64 хүрээгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас чөлөөлөгдөх хүсэлт батлагдахгүй, тэрээр энэ үндэслэлээр бүрэн эрхээ хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжгүй болох үр дагавар үүсэхээр байна. 

Хэрэв, Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжих гишүүдийн тоо 64 ба түүнээс дээш байх тохиолдолд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулахаар байна. Түүнчлэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.9-д зааснаар ээлжит бус сонгуулийг энэхүү нөхцөл байдал үүссэнээс хойш буюу Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай хууль баталсанд тооцсон өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор ээлжит бус сонгуулийг зарлах зохицуулалттай ба санал авах өдөр нь ийнхүү зарласнаас 70-аас доошгүй хоногийн дараа байх шаардлагатай байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:
8.9. Монгол Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон энэ хуульд нийцүүлэн товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
Ийнхүү ээлжит бус сонгуулиар дараагийн Ерөнхийлөгч сонгогдож бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд УИХ дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг “давхар” хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заажээ. 

Үндсэн хууль:

Гучин долдугаар зүйл.
2. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан эсэх, эсхүл түүний ийнхүү бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжсэн эсэхээс үл хамааран У.Хүрэлсүх дахин Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болохыг энд дурдах нь зүйтэй байна. 

Тухайлбал, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр ... Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасан байдаг. Мөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгулуийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт 2021 оны 04 сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг бөгөөд тус заалтыг “Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж тодорхой болгож өөрчилсний дагуу Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүн ахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэдгийг хуульд ойлгомжтой, хоёрдмол утгагүйгээр тусгажээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн