Монгол Улсын Үндэсний номын санг үүсгэн байгуулсны түүхт 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндэсний номын сан нь 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 гаруй номын фондтойгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Өдгөө гурван сая гаруй ном, хэвлэлийн бүтээл, ховор нандин гар бичмэл, судар, бичгийн дурсгал бүхий арвин сан хөмрөгтэй болж, үндэсний бичиг соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий эрдэм мэдлэг, оюуны өвийн томоохон төв болон өргөжин хөгжжээ.
Тус байгууллага нь монголчуудын оюуны өв, түүх, соёл, эрдэм мэдлэгийн үнэт бүтээлийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ номын сангийн салбарын хөгжил, шинэчлэлийг манлайлан, соёл, эрдэм шинжилгээ, судалгааны түшиц байгууллага болон төлөвшсөн юм.
Түүхт 105 жилийн хугацаанд ховор нандин ном судар, гар бичмэл, бичгийн дурсгалыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, үндэсний оюуны өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үе үеийн удирдлага, эрдэмтэн судлаачид, номын санчид, ажилтан, албан хаагчид үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
Энэхүү түүхэн ойг тохиолдуулан ССАЖЯ-наас үндэсний бичиг соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах эрхэм үйлсэд хүчин зүтгэсэн үе үеийн удирдлага, эрдэмтэн судлаачид, номын санчид, нийт ажилтан, албан хаагчдад гүн талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: ССАЖЗЯ