fitness
  • 337 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустай HWPL энх тайвны ОУТББ нь IPYG нийгэмлэгийн сайн дурын залуустай хамтран иргэний нийгэм, боловсрол, хууль зэрэг салбар бүрийн төлөөлөл, сайн дурынхныг хамарсан 1000 хүний оролцоотой “Монголын ирээдүй, Залуусын оролцоо” анхдугаар чуулганыг 4-р сарын 8-нд Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхимд амжилттай зохион байгууллаа.

зураг
 

Энэхүү чуулганы үеэр залуучуудын ухамсар, хандлагыг дээшлүүлж, тэдний нийгэм дэх бодит оролцоог нэмэгдүүлэх арга замууд болон дэлхий дахинд аюулгүй, амар тайван нийгмийг цогцлооход чухал үр нөлөөтэй “Дайныг зогсоож, энх тайвныг тогтоох тунхаглал (DPCW)”-ын хүрээнд хэрэгжиж буй энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны ач холбогдлыг танилцуулсан билээ.

 

“Монголын ирээдүй, Залуусын оролцоо” чуулганд Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалах яамны сайд асан Ж.Гүррагчаа, Монголын үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцан, Монгол улсын гавьяат багш О.Пүрэв, МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, Монголын Эцэг Эхчүүдийн Үндэсний Зөвлөлийн Тэргүүн Б.Алтанжолоо, Ротарактуудын 9-р бүсийн төлөөлөгч Э.Эрдэнэсувд, HWPL байгууллагын харьяа Олон улсын залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG)-ийн төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ким Лин, HWPL байгууллагын Инчон салбарын Европ дахь төслийг хариуцсан захирал Шин Кэйт зэрэг хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид нийгмийн аливаа үйл хэрэг, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэн, идэвх зүтгэлтэй оролцохыг хүндэтгэлийн үг болон илтгэлүүдээрээ залуучууддаа уриалсан юм.

зураг
 

Тухайлбал, Монголын үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцан “Өнөөгийн Монголын нийгэм бол яалт ч үгүй хөгжил дэвшлийнхээ хамгийн эрчимтэй үе шатан дээр байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах тааламжтай боломж бололцоо нээгдсэн байна. Үүнийг ашиглах түлхүүр өнөөгийн залуучууд та нарын гарт байна” гэдгийг онцолсон бол МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр “Эрч хүч, эрдэм ухаанаар цогцлон гийсэн залуусын хүчийг зөв зүйлд төвлөрүүлж, зөв удирдан манлайлах нь юу юунаас илүү чухал” гэдгийг сануулсан.

Монгол улсаас сансарт ниссэн цор ганц сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Монгол орны үндсэн баялаг бол хүн ард юм. Тэр тусмаа бүтээн байгуулж, ахмад үеэ залгаж, дараагийн шатанд хүргэх хүмүүс бол залуучууд та бүхэн билээ. Тиймээс бид эвтэй байж, бие биеэ хүндэтгэж, нэг зүгт харж, хамтдаа зүтгэдэг байх ёстой” хэмээн чуулганд хүрэлцэн ирсэн залуучууддаа уриалав.

зураг
 

IPYG нийгэмлэгийн төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ким Линн “Дэлхийн залуучууд IPYG нийгэмлэгээс гаргасан санал санаачилгуудтай зүрх сэтгэлээрээ нэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 119 орны 900 гаруй байгууллагын 5 сая гаруй залуучууд бидэнтэй хамтран ажиллаж байна. Монгол улс нь Ази, Европыг холбосон энх тайвны гүүр болж өгдөг тул дэлхийн өнцөг булан бүрд буй залуучууд Монголын залуучуудад илүү анхаарал хандуулж байна” хэмээсэн.

зураг
 

“Монголын ирээдүй, Залуусын оролцоо” чуулганы үеэр IPYG нийгэмлэгийн Монгол дахь салбарын сайн дурын гишүүд Монгол ардын бүжгийн үзүүлбэр, “This is me” дуугаар мэндчилгээ дэвшүүлж, нэгдмэл байхыг уриалан, залуучуудын нүдэнд оч бадраасан билээ. Түүнчлэн арга хэмжээнд оролцогчдыг Монгол улсын засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийг дэмжиж, энх тайван ирээдүйн төлөө IPYG нийгэмлэгтэй хамтран ажиллахыг уриалсан юм.

зураг
 

Чуулганы төгсгөлд IPYG нийгэмлэгийн 2,000 залуусыг төлөөлөн хүний эрхийг хүндэтгэх, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хөгжил цэцэглэлтэд оролцоогоо нэмэгдүүлэх утга агуулгатай 7 зүйл бүхий тунхаглалыг уншиж танилцуулснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөв.

Чуулганд оролцогчид “Монгол улсад олон залуучуудыг хамруулсан энх тайвны үйл ажиллагаа цаашид тогтмол явагдаасай хэмээн хүсэж байна”, “HWPL байгууллагыг шашны байгууллага гэсэн буруу ойлголттой байсан. Харин уг чуулганд оролцсоноор зөв ойлголттой боллоо.”, “Монголын залуучуудын байгууллагуудтай улам нягт хамтран энх тайвны төлөөх олон үйл ажиллагаа явуулаарай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлснийг онцолж байна.

HWPL байгууллага нь Солонгосын хойгийн дайнд тэргүүн шугамд дайтаж явсан И Ман Хы тэргүүний санаачилгаар дайныг зогсоож, энх тайвныг тогтоох зорилгоор үүсгэн байгуулагдсан ОУТББ юм. Улмаар тус байгууллага нь үндэстэн ястан, хэл соёл, шашин, үзэл суртлын ялгааг үл хамааран салбар бүрийн удирдагчидтай хамтран энх тайвны үйл хэргийг өрнүүлж байна. HWPL байгууллага нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд (SDGs)-ын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах зорилгоор бага хурал, чуулган, сургалт, сайн дурын ажил, компанит аянуудыг зохион байгуулан энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлж байна.

Бусад мэдээ

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “

Хүүхдийн зуслангуудын нэг өдрийн үнэ 50-55 мянган төгрөг болж, өмнөх оноос өсжээ

Хүүхдийн зуслангуудын нэг өдрийн үнэ 50-55 мянган төгрөг болж, өмнөх оноос өсжээ

Хүүхдийн зуслангийн хүртээмжийн талаар эцэг эхчүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд гомдол ирүүлж

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.