fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-20

Нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-иас гаргасан мэдээллийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатартай ярилцлаа.

-“Эрдэмтранс” ХХК нийтийн тээврийн үйлчилгээнд автобус нэмж гаргах хүсэлтээ Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй гэсэн. Энэ үнэн үү?
-Тус компаниас нэгдүгээр сарын 19-ний өдөр 1/22 дугаартай албан бичгээр автобусны гаралтын тоог нэмэх зайлшгүй шаардлага гарч байгаа тул нэмж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Бид үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдэд зорчигч урсгалыг судалж, гаралт нэмэх шаардлагатай чиглэлийн санал дүгнэлтийг боловсруулж буй талаараа хариу өгсөн.

Нийслэлд иргэдэд үйлчлэх автобус, нийтийн тээврийн үйлчилгээний төсвийг жил бүр НИТХ баталдаг. Хязгаарлагдмал, төлөвлөсөн төсөвтэй тул аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлт болгоны дагуу, шууд тээврийн хэрэгслийг нэмэх боломжгүй. Энэ жил 220 тэрбум орчим төгрөгийг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн. Төсвийг өнөөгийн зардлаар тооцоолон, тээврийн хэрэгслийн тоонд хувааж үзвэл 950-980 орчим тээврийн хэрэгсэлд зарцуулах хэмжээний төсөв юм. Гэтэл одоо өдөр тутам 992-998 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулж байна.

-Тус компани нөөц тээврийн хэрэгсэл, жолооч хангалттай, хүйтний эрч эрс чангарсан үеэр зорчигчдын хүлээлт ихсэн, бөөгнөрөл нэмэгдсэн учир гаралтыг нэмэхээр хандсан гэсэн. Энэ талаар?
-Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллага зогсоол хоорондын хугацаа, рэйсийн хугацааны даалгавраа мөрдөж ажилладаг. Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 17-18 байгууллага бий. Тэдний хариуцсан чиглэлүүдээс техник, жолоочоос шалтгаалан гаралт тасрах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд гаралт тасарсан чиглэлд бусад аж ахуйн нэгж нөхөж, автобус оруулах шаардлага, хүсэлт ирдэг. Гэвч энэ тохиолдолд нэг байгууллагын эрх ашгийг хааж, нөгөө байгууллагын эрх ашгийг гүйцэлдүүлэх боломжгүй.

skip-share

Хязгаарлагдмал, төлөвлөсөн төсөвтэй тул аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлт болгоны дагуу, шууд тээврийн хэрэгслийг нэмэх боломжгүй.

Нэгдүгээрт, энэ нь төсвөөр хязгаарлагдана, хоёрдугаарт, аль чиглэлд хэдэн автобус хэрхэн нэмэхийг судалгаанд үндэслэн зөвлөлдөж, шийдвэрлэдэг юм.

-“Эрдэмтранс” ХХК-ийн “Гандан-ТЭЦ4” чиглэлд дөрвөн автобус явдаг. Уг шугам нь суурьшлын бүс биш учраас хүн ам цөөн. Автобуснууд нь ихэнхдээ хоосон явдаг. Иймд шугамаа “Нисэх-Хороолол” чиглэл болгон уртасгах хүсэлтээ Нийтийн тээврийн газарт удаа дараа хүргэсэн ч татгалзсан  гэсэн мэдээлэл бий.
-Шинэ чиглэл нээх шийдвэр иргэдийн хүсэлт, шаардлагад л тулгуурладаг. Иргэдэд хэрэгцээ, шаардлага үүсээгүй, хоосон чиглэлд автобус явуулснаар алдагдал, үргүй зардал гарна. Шинэ чиглэл нээхийн тулд эхлээд иргэд, олон нийтийн хүсэлтийг судалж, үүнд үндэслэн шийднэ. Энэ бүх асуудал эргээд төсөвтэй холбоотой учир нэг хүн, нэг компанийн дураар шийдвэрлэх боломжгүй.

-Тэгэхээр хэн шийдвэр гаргах вэ?
-Нийтийн тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхтэй байдаг тул чиглэл, гаралтыг зохистой нэмэх зорилгоор төрийн болон хувийн хэвшил хамтарсан мэргэжлийн зөвлөл байгуулсан. Тухайн зөвлөл аль чиглэлд, хаана гаралтыг нэмж, ямар бодлого, чиг баримжаатай ажиллахыг хэлэлцэж, шийдвэрлэдэг. Чиглэл, гаралтыг нэмэх хэрэгцээ, шаардлагын талаар тодорхой судалгаанууд хийгээд шийдвэр гаргасан. Энэ талаар бид “Эрдэмтранс” компанид зарим саналыг өгсөн ч тухайн саналыг хүлээн авахгүй гэсэн байсан.

-Нийтийн тээврийн  газраас хувийн хэвшлийн компаниудыг шалгахдаа ажилчдадаа өндөр цалин өгсөн гэдэг шалтгаанаар “Эрдэмтранс” ХХК-ийн оноог хассан уу?
-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний байдлыг дүгнэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хотын стандарт, хяналтын газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Улаанбаатар смарт карт” ХХК зэрэг долоон байгууллагын 15 албан хаагч, ажилтны бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажилласан.

Үйлчилгээ авч буй иргэдийн зүгээс жолоочийн харилцаа хандлага, тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа тав тух, өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ зэргийг шалгаж байна. Ер нь энэ талаар иргэдээс гомдол, санал байнга ирдэг. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэд ч тогтмол үнэлгээ өгөөд явчихдаг гэсэн үг.

Тус шалгалтаар бүх аж ахуйн нэгжид нэг үзүүлэлт, нэг шаардлагыг тавьж үнэлгээ өгсөн. Ажлын хэсгийн гишүүн нь Нийслэлийн Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу нэг машин цагийн зардлын тарифаар тогтоосон цалингийн зардал, ХХОАТатварын өр, НДШ-ийн өр төлбөртэй, нягтлан бодогч нь 2022 оны санхүүгийн тайланд НДШ-ийн өрийг тусгаагүй байсан.

Энэ өр төлбөрөө барагдуулсан, эсэх баримт материалаа үзүүлээгүй учир “Эрдэмтранс"-ын оноог хасаж дүгнэсэн юм билээ. Ажилчдынхаа цалинг нэмлээ гэсэн шалтгаанаар оноо хасаагүй байсан. Түүнчлэн энэ шалгалтын хүрээнд ямар нэг хариуцлага тооцоогүй, харин зардлын ангиллыг зөв, нарийвчлан тооцож, үйл ажиллагаандаа хэвшүүлэх зөвлөмж, зөвлөгөөг өгсөн юм билээ.

Ганц “Эрдэмтранс” ч биш,  засаж залруулах, сайжруулах, тухайн аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдахгүй байх нөхцөлийг хангах 13 заалт бүхий зөвлөмжийг бүх аж ахуйн нэгжүүдэд өгсөн.

Нөгөө талаас, шалгалтын Ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол мэргэжлийн татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллагуудаар шалгуулах бүрэн боломжтой.

-Энэ шалгалтын дүн автобусны гаралт, чиглэл олгоход хамаагүй байх нь?
-Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй 2016 онд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлөөр л өдий болтол сунгаад явсан байдаг. 2016 оны гэрээнээс хойш цаг үе, техник хэрэгсэл, үнэ ханшны нөхцөл өөрчлөгдсөн. Тэгэхээр бид өнөөдөр хийх гэж байгаа ажил гүйцэтгүүлэх гэрээндээ их, бага хэмжээний өөрчлөлтүүд оруулах, шинэчлэх, цаг үетэйгээ тохирсон байдлаар явна. Урьд нь дандаа торгуулийн механизмаар асуудлыг шийддэг байсан бол одоо өөр нөхцөл гаргах ёстой.

Ажлаа сайн хийж чаддаг, гэрээний үүргээ хангалттай биелүүлж байгаа аж ахуйн нэгжийн гаралтыг нэмж, тээврийн хэрэгслийн, хүртээмжийнхээ чанарыг өсгөдөг байдал руу шилжиж байгаа. Энэ асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй уулзаж агуулга, зүйл заалт бүрээр ярилцаж, гэрээ байгуулахаар тохиролцсоны дагуу гэрээгээ шинэчилсэн.

“Эрдэмтранс” ХХК-ийн захирал энэ үйл ажиллагаанд оролцоогүй. Харин гэрээний төсөлд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр уг компанийн дэд захирал Ө.Очироо тус газарт ирж, гэрээний төсөлд гарын үсэг зурж /дардсаар/, тамга дарж баталгаажуулсан. Шинэчилсэн гэрээнд ололт, дутагдал ч бий. Тиймээс бид нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг бүх аж ахуйн нэгжээ цуглуулан өргөтгөсөн хурал хийгээд, гурван сарын туршилтын хугацаа өгсөн.

-Тэгвэл чиглэл олгох тухай, мөн автобусны гаралтыг нэмээгүй гэсэн асуудлыг яагаад одоо сөхөж байна вэ?
-Түүнийг л сайн ойлгохгүй байна. “Эрдэмтранс” ХХК  нийтийн тээврийн салбарт олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани юм билээ. Автобусны гаралтыг нэмэх, чиглэл өгөх асуудлыг хэн нэгэн хүн, эсвэл аль нэг байгууллага бие даагаад дураараа шийддэггүй гэдгийг мэддэг л баймаар.

Бид энэ талаарх хүсэлтийнх нь хариуг тухай бүрд өгсөн. Манай газраас шинэчилсэн гэрээний үр дүнг тооцож, хариуцлагатай, зорчигчдын тав тухтай, соёлтой үйлчилгээг хүргэж чадсан аж ахуйн нэгжүүдээ урамшуулах, дэмжих бодлогыг барьж ажиллана.

Бусад мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 хувь болж буурах төлөвтэй

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 хувь болж буурах төлөвтэй

Олон улсын валютын сангийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь

Гадаад дахь монголчууд эх орондоо уян хатан нөхцөлөөр орон сууцтай болох боломжтой

Гадаад дахь монголчууд эх орондоо уян хатан нөхцөлөөр орон сууцтай болох боломжтой

Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд эх орондоо өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн баталга

Ариунзул С.
Ариунзул С.