fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-13

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 13-15-нд манай улсад айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын хамтаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12, 21 дүгээр хорооны “Шэжид дүг” өрхийн эрүүл мэндэд төвд ажиллав.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой БНСУ-аас ирсэн эмч нарын багийн монгол эмч нартай хамтран хийж буй үзлэгийн явцтай танилцсан юм.

ЭМЯ БНСУ-ын Ногоон эмнэлэгтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулж гарын үсэг зурсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн 18 эмч Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна.

Хатагтай Ким Ён Жү Монгол-Солонгосын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлж, чухал салбарт чиглүүлж ажиллахыг эрхэмлэдэг улстөрчийн хувьд олон зүйлийг хийж хэрэгжүүлж ирсэн, Монголд элэгтэй нэгэн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь эрүүл монгол хүн өсч бойжиход чухал нөлөөтэй хэмээн үзэж энэ ажлыг хийж буйгаа ярьсан. Түүнчлэн хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Үндэсний Ассамблейн дэд даргын хувьд бүхий л боломжоороо дэмжиж ажиллана гэсэн юм.

Энэ арга хэмжээний талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “ЭМЯ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Ногоон эмнэлгийн баг энэ сарын 5-9-ны хооронд СХД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын зам, дотрын чиглэлээр үзлэг хийж шаардлагатай хүүхдүүдэд амин дэм, эмийн тусламж үзүүлсэн. Тус дүүрэгт 1000 гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан бол өчигдрөөс Чингэлтэй дүүргийн 12, 21 дүгээр хороонд  ажиллаж байна. Эмч нарын баг 16-ныг дуустал ажиллах бөгөөд өдөрт 400 хүүхдийг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн.  Энэ удаа хүүхдүүдийн дунд нэлээд түгээмэл байгаа амны хөндийн өвчлөлд түлхүү анхаарч байгаа” хэмээсэн. 

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүний айлчлалын багт монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж явдаг Ногоон эмнэлгийн захирал Им Сан Хёг багтсан байна. Тэрбээр  “Аль ч Засгийн газрын үед хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг хүндрэлтэй асуудал байдаг. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад ирээд өөрийн харсан, ажигласан зүйлсээсээ улбаалан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьсон” гэж байлаа.

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

Нийслэлд угаар үнэртсэн нь хуучин тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй

Нийслэлд угаар үнэртсэн нь хуучин тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй

Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 10-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хийн түлш алдагдсан, дэ

Нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов

Нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов

ЭМЯ-ны Б танхимд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.