fitness
  • 229 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-07

Мобиком Корпораци тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд хүргэх зорилгоор UNICEF, Боловсролын ерөнхий газар, “Digital solutions”, “HandPro” компанитай хамтран “Smart Education-3” төслийг хэрэгжүүлсэн.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын 2, орон нутгийн 6, нийт 8 сургуулийн нэг ангийг дижитал самбар, chromebook, виртуал орчинд хичээлээ үзэх боломжтой VR төхөөрөмж, өндөр хурдны интернэт, тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контент зэргээр хангаж, иж бүрэн тохижуулж өгчээ. Ингэснээр сурагчид VR-ийн тусламжтайгаар хими, физикийн туршилтыг бодис байхгүй ч аль химийн элемент хэрхэн нэгдэж, уусаж буйг бодитоор мэдрэх, байгаль ертөнцийн нууцын гүнд нэвтэрч, гараг эрхэс, цаг хугацаагаар аялж, 100, 200 жилийн өмнөх түүхийн дурсгалт газруудтай танилцах боломжтой болж байна.

Энэхүү төслийн талаар Мобиком Корпорацийн Маркетингийн газрын Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал С.Батзаяатай ярилцлаа.

- Юуны өмнө танай багт баяр хүргэе. Нөлөөллийн, мэдээллийн, сайн үйлсийн гээд олон л аян, ажил, төсөл хэрэгждэг. Гэхдээ олон нийтийн анхаарлыг татаж, олон хүн тухайн асуудлыг засаж, сайжруулахын төлөө гар, бие оролцохыг хүсэх хэмжээнд амжилттай болох нь ховор. Харин “Smart Education 3” төсөл үнэхээр цаг үеэ олсон, өнөөдөр нийгэмд хамгийн хэрэгтэй агуулгыг илэрхийлсэн ажил боллоо гэж харж байна. Та бүхэн төслийнхөө ард сая нэг гарч амьсгаа авч сууна уу?

- Баярлалаа, тийм ээ, төслийн эхний шат амжилттай хэрэгжлээ. Мобиком Корпораци тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа асуудалд шийдэл хайж, шийдвэрлэхийг зорьдог. Үүнийг үе үеийн удирдлагууд нэн тэргүүний бодлого болгоод дорвитой хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн. Харин зах зээлд амжилттай хэрэгжүүлж, нийгэмд хүргэх нь маркетингийн багийн үндсэн үүрэг. Бид нийгэмд жишиг болсон олон төслийг хэрэгжүүлж байна.

“Smart Education” төслийг анх коронавирусийн цар тахал дэгдсэн үед санаачилсан. Тухайн үед судалгаа хийхэд, нийгмийн зарим хэсгийн хүүхэд суралцаж чадахгүй, суръя гэсэн ч телевизор зэрэг цахим төхөөрөмж байхгүй. Гэртээ ганц утастай, түүнийгээ аав нь, ээж нь аваад явчихдаг зэрэг олон эмзэг асуудал байсан. Тиймээс хүүхдүүд хичээлдээ оролцож чадахгүй нөхцөл үүссэн байлаа. Бид анх “Smart Education” төслөө эхлүүлэхдээ 3-аас дээш хүүхэдтэй айлыг зорилгот бүлгээ болгоод, цахим төхөөрөмжөөр дамжуулан хүүхдүүд хичээлдээ оролцох боломжийг олгосон. Мөн хүүхдүүд гар утсаараа зөвхөн хичээлдээ оролцохоос гадна англи хэл сурах зэрэг олон давуу талыг бий болгож байсан.

“Smart Education 3” төслөө илүү өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй болгохыг зорьсон. Нийгэмд хэрэгтэй зүйл юу байна вэ гэдгийг өнгийж харлаа. Өнөөдөр ээж, аавууд маш завгүй нийгэмд ажиллаж, амьдарч байна. Хүүхдүүд байшингаас байшингийн хооронд дийлэнх цагаа өнгөрүүлдэг. Байрны гадна тоглож байгаа хүүхдүүдийг харахад тэрүүхэн тэнд хашааны төмөр дээгүүр бөмбөг шидээд л тоглох аргаа олж байна. Өнгөрсөн 10-20 жилийн нийгмийн тусгалын үр дүн одоо гарч байна л даа. Тиймээс манай баг  боловсролын салбар тэр дундаа боловсролын тэгш бус байдлыг голчлон нийгмийн нөлөөллийн аян хийх хэрэгтэй юм байна гэдэгт санаа нийлсэн. Санаагаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт нэлээд анхаарч, судалгаа хийж, төслийн хувилбаруудаа гаргаж ирсэн.

“Smart Education” төслөө эхлүүлэхдээ 3-аас дээш хүүхэдтэй айлыг зорилгот бүлгээ болгоод, цахим төхөөрөмжөөр дамжуулан хүүхдүүд хичээлдээ оролцох боломжийг олгосон.

- Тал хувцастай, тал ширээтэй, тал сандалтай сурагчдын богино видео олон хүнд олон зүйл бодогдуулсан. Аливаа ажлын санааг олох чухал. Яагаад боловсролын тэгш бус байдлын агуулгыг ийм байдлаар хөндье гэж бодов?

- Зөвхөн боловсролын байгууллага биш ээж, аавууд хүүхдийн эргэн тойронд байгаа бүх хүмүүс  үүнийг олж хараасай гэж хүссэн. Бидэнд өнөөдөр хүүхдийнхээ сургууль дээр очоод ямар хоол идэж, ямар ширээн дээр сууж, ямар ариун цэврийн өрөөнд бие засаж байна вэ гэдгийг харах зав хомс. Гэвч нэг өдөр очоод харвал бодууштай зүйл олон байдаг. Бид төслөө хэрэгжүүлэхийн тулд олон сургуулиар явж үзсэн. Бодит байдалтай танилцахад анхаарах зүйлүүд их байсан.

Аливаа маркетингийг хийх гэж байгаа баг мэдрэмжтэй, бас зүрх сэтгэлтэй байвал амжилтад хүрнэ. Түүнээс хэчнээн сайхан реклам хийчхээд ард нь ямар нэг утга агуулга байхгүй бол тэр ажил хоосон зүйл болно. Мэдрэмжтэй, агуулгатай хийж чадвал маркетинг зах зээлд амжилт олж чадна. Тиймээс бид  хоосон биш агуулгатай маркетинг хийхийг зорьдог.

Ингээд аливаа зүйлийг хүмүүст гял цалаар биш, нэмэлт хачиргүй бодитоор хүргэхийг зорьдог PSA гэдэг маркетингийн аргыг анх удаа ашиглалаа. Үүнийг гаднын оронд түгээмэл ашигладаг бөгөөд тухайн асуудалд хүмүүсийн анхаарлыг авчрахыг зорьдог арга юм л даа. Олон хүний олон янзын сэтгэгдэл хөвөрсөн. Реклам гол зорилгоо биелүүлсэн гэж боддог. Учир нь долоо хоног бүр бидэнд “Танай рекламыг үзлээ, хамтарч ажилламаар байна” гэдэг санал ирж байна. Тэгэхээр багахан хэмжээнд ч гэсэн бидний төсөл хүмүүст хүрсний илрэл болов уу гэж бодож байгаа. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ нийгэмд шинэ үнэ цэнийг бий болгох гол зорилго тавьсан.

- “Smart Education 3” төсөл нийгэмд юу үлдээв? Та бүхэн юуг зорив, түүндээ хүрч чадав уу?

- Нийт найман сургуульд техник төхөөрөмж, хичээлийн контентын хамт дижитал анги тохижуулан хүлээлгэн өгсөн. Цөөн анги мэт боловч тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай томоохон төсөл болсон. Сургуулийн тоо цөөн боловч 12 мянган хүүхэд төслийн үр шимийг хүртэж буй нь чамлахааргүй үр дүн гэж үзэж байгаа.

Алс, хол Хөвсгөл, Дорнод гээд захын аймгийн сурагч дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боллоо, тэтгэлэг авлаа гэдэг мэдээ мэр сэр дуулддаг. Тэр хүүхдүүд өдрийн од шиг цөөхөн байгаа. Энэ хүүхдүүд шөнийн од шиг олон болоосой гэж хүссэн. Тэд интернет хангалттай биш, ухаалаг төхөөрөмж байхгүй зэрэг тийм хомс орчинд маш их хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрч байгаа. Багагүй хэмжээний золиос ч байж магадгүй. Бид хүүхдүүдэд урам зоригийг бий болгох, нийгэмд үүнийг хамтын үнэ цэн гэдгийг ойлгуулах л хэрэгтэй юм байна гэж зорьсон. Энэ бол бидний төслийн мөн чанар юм. Бидний тохижуулсан энэ анги хүүхдүүдэд үзэл санааны болон оюуны урам зориг өгөөсэй гэж хүсэж байна. 

Төслийг “Мобиком” корпораци санаачлан хэрэгжүүлсэн ч бидэнд олон хамтрагч байсан. Төслийн мөн чанарыг ойлгоод мөнгөн харилцаа үүсгэлгүй орж ирсэн хамтрагчид бий. Тэгэхээр санаачилга нь зөв байх юм бол аливаа төсөл нэг компанийн ажил биш нийгмийн нөлөөлөл байж болдог юм байна. Төслийн нээлтийн дараа хэд хэдэн компаниуд энэ ангийн тоог нэмье гэдэг саналаа хэлсэн. Бид цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ эхний шатанд ярьж байна.  Нийгмийн нөлөөлөлд хүрсэн нь л энэ төслийн амжилт юм болов уу гэж бодож байгаа. Энэ төсөл сурталчилгаа биш, хүмүүсийн нүдэнд жишиг болох бодитой санаачилга юм.

Бидний тохижуулсан энэ анги хүүхдүүдэд үзэл санааны болон оюуны урам зориг өгөөсэй гэж хүсэж байна. 

Бид зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Төсөл маань цаашид олон хүүхдүүдэд гэрэл гэгээ өгч, олон байгууллагуудын хамтын үнэ цэнийг бий болгосон маркетинг байгаасай. Дахиад ийм анги танхимыг нэмэх шаардлага бий, 4000 гаруй сурагчтай сургуульд нэг анги гэдэг хангалтгүй.

зураг
 

- Урам зориг гэдэг зөв тодорхойлолт байна. Нээрэн танайхаас тохижуулсан тэр ангиудын бүх юм шинэ, хана, хаалганы өнгө цагаан гээд, тэндээс гэрэл цацарч байх шиг л санагдсан.

- Баярлалаа. Намайг арван жилийн сурагч байхад лаборатори анги тохижуулж өглөө гэхэд шинэ компьютер, ширээтэй л болсон байдаг байлаа. Тиймээс бид одоо шинээр өөр юу хийх вэ гэдгийг бодсоор зөвхөн анги танхимаас биш цогцоор нь шийдэж өгөх ёстой юм байна гэдэг санал нэгдсэн. Бас тохижуулсан анги маань цоожлоод орхидог музей биш байгаасай, хүүхдүүд элэгдтэл нь ашиглаасай, олон хүүхэд энэ ангид хичээллээсэй гэж хүссэн. Тиймээс тууз хайчлаад орхих биш сургуулийн захирал, менежерүүдтэй уулзаж ярилцаад үнэ цэнээ ойлгуулсан. Аль болох олон хүүхдүүдэд хичээл орох хуваарь гаргаж өгөөрэй гэж хүссэн юм. Энэ дагуу ангийн үүд бүрд хуваарь гаргаад наасан байна билээ. Одоо төслийн хамрагч UNICEF-ээс сургуулиудад IT клуб байгуулах зэргээр сургалт зохион байгуулж байгаа.

- Төслөө хэрэгжүүлээд сургуулиудаар явж байхад “одоо нэг энийг л” гэх засаж, сайжруулмаар дутуу зүйл ажиглагдав уу?

- Багш нар маань илүү их чадвартай болоосой, тэд нарт хүч өгөх зүйл хэрэгтэй байна гэж бодсон.

Технологийн эрин үед өсөж торниж, амьдарч буй тул хүүхдүүд маш хурдан сурч, эхний өдрөө л ухаалаг самбараа ашиглаад, үзгээ бариад тоогоо бодоод эхэлж байна. Үүнийг улам хурдасгах хүч нь багш. Өөр нэгэн хамтын үнэ цэн бий болгоод хот, хөдөө гэлгүй багшийн ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.

Бидэнд олон багш хандаж байгаа. Сургуульдаа ийм ангитай болмоор байна, юу бүрдүүлэх вэ, яаж оролцох вэ гээд л. Өөрөөр хэлбэл сургуулийн удирдлага биш багш ярьж байгаа нь тэр хүн зүрх сэтгэлтэй, тэмүүлэлтэй байна гэсэн үг. Тийм хүнтэй газар л төсөл амжилт олно. Үгүй бол энэ хөрөнгө оруулалт ямар ч үр дүнгүй шүү дээ. Төсөв хязгаарлагдмал тул сэтгэл зүрхтэй, зохион байгуулалттай сургуулийн ангийг тохижуулж өгөхийг хүссэн. Дараа дараадаа яаж илүү хүртээмжтэй байлгах вэ гэдэгт бид анхаарч байна.

- Ер нь аливаа ажлын чухал хэсгийг маркетингийнхан нугалдаг ч гадна талд төдийлөн анзаарагддаггүй. Бас л толгой амардаггүй ажил байх?

- Харахад амархан ажил. Гэхдээ маш олон талын хэрэгцээг хангаж эцсийн шийдэл гарч ирдэг. Санаагаа гаргаад л шийдэгдчихгүй. Олон тал гэдэгт хэрэглэгч орж байгаа, аливаа байгууллагын удирдлагын баг мөн хамтарч байгууллагууд багтана. Энэ бүх талын хэрэгцээг хангаснаар эцсийн шийдэл гардаг. Багагүй цаг хугацаа зарцуулна. Төслийг амжилттай явуулахад зөв зохион байгуулалт, мэдрэмж их шаардана. Хурд ч их чухал. Энэ бүх зүйлийг даваад гарсны дараа төсөл анхны зорилтын дагуу хийгдэж үү, төслийн үр шим хүмүүст хүрсэн үү гэдгээс үр дүн шалтгаална даа. Сая “Smart Education-3” төслийн үеэр сурагч, багш, бүх хүний нүднээс гэрэл цацарч байгааг хараад “Бид хэрэгтэй зүйл хийжээ” гэдэг баяр төрж байлаа.

Ер нь маркетинг ажлын цагаар хязгаарлагддаггүй. Зорилт төсөл хийж байх үед ажлын цаг дууссан ч маркетингийн ажил хэзээ ч дуусдаггүй. Харих гээд автомашиндаа түгжрээд явж байхад хажуугаар сургуулийн хүүхдүүд явж байвал тэдний сурах орчин нь ямар бол, гэртээ хариад юу хийдэг бол гээд л байнга бодож явна. Амралтын өдрөөр ч төслөө яаж үр дүнд хүргэх вэ гэж санаагаа байнга хөгжүүлнэ. Энэ мэтчилэн маркетингийн ажил шинэ зүйлийг санаачилж, нийгэм рүү байнга өнгийж байх хэрэгтэй болдог.

- Таныхаар манайд маркетингийн ямар арга илүү хүнд хүрч байна вэ?

- Орчин үед хийсвэр маркетингаас илүү нийгэмд хандсан, нийгмийн асуудлыг шийдсэн маркетинг “тренд” болж, газар авч байгаа. Хэт гял цал хийсвэр зүйлүүдэд тулгуурлавал хэсэгхэн хугацаанд л үзэгдээд өнгөрнө. Тиймээс агуулгатай байснаар төсөл амжилттай болдог гэж боддог.

Гаргаад ирсэн санааг шүүмжлэх бол маркетингт байдаг асуудал. Бид шүүмжлэлийг хөгжүүлэлт болгодог.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Эх сурвалж: gogo.mn

Бусад мэдээ

₮7.3 тэрбумтай нэр холбогдсон УБТЗ-ын албан тушаалтныг хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр  болно

₮7.3 тэрбумтай нэр холбогдсон УБТЗ-ын албан тушаалтныг хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно

"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч,

Шар усны үерийн улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, загас олноор хорогдсон байна

Шар усны үерийн улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, загас олноор хорогдсон байна

Хөвсгөл нуурын цутгал бүхий Алагцарын голын цүнхээлийн зузаан мөсөн дор 200 орчим гутаарь загас үхсэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.