fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-08

УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Олон талт оролцоонд тулгуурласан авлигатай тэмцэх бодлого, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх” сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Монгол Улсын хөгжлийг боомилогч хамгийн том хүчин зүйл бол авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил юм. Бид мөнгөгүйдээ биш, дээрх жижиг эрх ашгуудаас болж олон боломжийг алдан, хөгжлөө чөдөрлүүлж ирсэн. Энэ бүх алдааг цаашид давтахгүй, засаж явахад төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо чухал.

Зүгээр энэ хөтөлбөрийг зарлаад өнгөрөх биш, ажил хэрэг болгож, бодитой алхмууд хийн, шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ хүрээнд ч “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Авлигал зөвхөн төрд байдаг зүйл биш. Хувийн хэвшлийн байгууллагуудад ч авлигал үүсэж байна. Нэг жишээ нь банкны зээл бүтээж өгөөд авлигал авдаг. Тиймээс энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлүүд дэх авлига, хээл хахуультай ч тэмцэнэ.

Өдгөө нийслэлийн төрийн 689 байгууллагад 60,686 албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчдаа зөв мэдээллээр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хийнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд байгаа төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль, эрх зүйн орчин, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгаагаар хангах, цалин хөлсийг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн. Мөн уг хөтөлбөр нь "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр бөгөөд 11 зорилго, 46 зорилт, 200 гаруй заалтаас бүрдэнэ.

Бусад мэдээ

Өнөөдөр хотод +25 градус дулаан байна

Өнөөдөр хотод +25 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар

"Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 35 сэтгэл зүйчийг чадавхжуулж, 3000 хүүхэд, 800 эцэг, эхийг хамруулсан сургалт хийнэ

"Гэрэлт-Эргэлт" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 35 сэтгэл зүйчийг чадавхжуулж, 3000 хүүхэд, 800 эцэг, эхийг хамруулсан сургалт хийнэ

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.