fitness
  • 146 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-02

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Тус хууль нь энэ оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгагдсан.  Хүний эрхийн зарим асуудлын талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд дараах мэдээллийг танилцуулав. 

Б.Энхболд:  "Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх Ажлын хэсэг 2022 оны аравдугаар сард манай улсад ажилласан.

Улмаар сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа Монголд 98-99 хувьтай гэж дүгнэсэн байдаг. 

Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, шүүхийн мэтгэлцээн тодорхой бус зэрэг хүний эрхийн анхаарал татсан дүгнэлтүүдийг хийсэн.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын ХЭҮК-оос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дугаар илтгэлдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүний эрхийн зөрчлийн асуудлыг тодорхой тусгаж, УИХ-д 19 саналыг хүргүүлсэн. 

Эдгээр саналаас онцлог заалтыг авч үзвэл: 

Гэмт хэргийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ явдлыг зогсоох.

Тухайлбал зөвхөн хорих ялтай гэмт хэргүүдэд сэжигтнийг баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байх, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих үндэслэлийг илүү нарийвчлан тогтоох.

Хойшлуулшгүйгээр баривчлах гэх хэт өргөн зохицуулалтыг хуулиас хасаж, нарийвчлах шаардлагатай гэж үзсэн.

Яагаад, ямар шалтгаанаар гэмт хэрэгт холбогдуулан баривчилж байгаа вэ гэдгийг  тухайн үед өөрт нь болон гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчид нь нэн даруй мэдэгддэг байх зохицуулалтыг нарийвчлан тусгах хэрэгтэй байна. 

Баривчлах ажиллагааг шүүхээс хяналтдаа бүрэн авах, хүний эрх, эрх чөлөөг хасаж байгаа энэ арга хэмжээг шүүх шийдвэрлэдэг байх талаарх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг оруулах.

Ялангуяа хаана баривчилснаас үл хамааран хамгийн ойр байгаа шүүхдээ энэ асуудлын талаар мэдэгддэг байх зэрэг саналыг хүргүүлсэн.

Мөн хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн байгаа. 

Баривчлах ажиллагаатай холбоотой баримт материалыг хэзээд гаргуулан авах, танилцах эрхээр хангах нь чухал. Ажлын бус цагаар амралтын өдрүүдэд шүүхийн байгууллага ажиллахгүй байгаатай холбоотойгоор сэжигтнийг баривчлах ажиллагааг хийж байна гэх шүүмжлэлүүд гарч байсан.

Үүнтэй холбоотойгоор шүүх тасралтгүй ажиллах, мөн дагнасан шүүхийг байгуулах зэрэг саналуудыг УИХ-д хүргүүлсэн байгаа" 

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр батлан гаргасан.

Энэ хуулийг батлан гаргасан нь хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ач холбогдолтой хэмээн дүгнэж болох юм.

Харин энэ хууль хэрэгжих хугацааг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс байхаар хууль тогтоогч тусгаж өгсөн. Үүний шалтгааныг дараах хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Сэжигтнийг баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Шүүхээс шийдвэрлэхдээ өдөр бүр 06:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл тасралтгүй хэрэгжүүлнэ гэдэг энэ зохицуулалт орсонтой холбоотойгоор

  • шүүхийн ачааллыг хэрхэн тооцох вэ?
  • шүүгчийг хэрхэн хуваарилах уу?
  • тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс энэ журмыг хэрхэн боловсруулах вэ? гэдгийг нарийвчлан сайн судалж, хууль хэрэгжиж эхлэхэд хүний эрхийн аливаа зөрчил гарахгүй байхаар урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан байх зохион байгуулалтыг хийх шаардлага тулгарсан.

Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос шинээр батлагдсан хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн хэрэглээний үзэл баримтлалыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль тогтоогчоос тогтоосон бэлтгэл ажил хэр зэрэг явагдаж байна вэ гэдэгт хяналт, шинжилгээ хийсэн.

Иргэдээс ХЭҮК-д ирүүлж байгаа гомдол мэдээлэл, холбогдох хууль хэрэгжих байгууллагын албан тушаалтнуудтай ярилцсан ярилцлага, тэдгээрийн санал бодлыг авч үзэхэд одоогоор шүүх эрх мэдлийн болон мөрдөх чиг үүргийн байгууллагын албан хаагчдын дунд нэгдсэн болон дотооддоо зохион байгуулж байгаа сургалт туйлын хангалтгүй.

  • Алба хаагчдын мэдлэг хандлага энд шинээр орсон хүний эрхийн асуудалтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдлэг дутмаг байна.
  • Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эдгээр асуудлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар эрсдэл гарч болох, эдгээрийг даван туулахад ямар арга хэмжээ авч болох вэ гэдэгт тодорхой зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч үзэж судалсан.
  • Хууль хэрэгжүүлэх албан тушаалтны хандлага, сургалт, мэдлэгийн асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна.

Цаашид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр баталсан энэ хуулийг олон нийтийн дунд сурталчлах, хэрэгжүүлэх албан тушаалтнуудын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, сайжруулах ажиллагааг хэвшил болгохгүйгээр хүний эрхийн зөрчилд ахиц дэвшил гарахгүй байна гэж үзэж байгаа.

Түүнчлэн УИХ-ын сонгууль, Үндэсний их баяр наадам, зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдэх хугацаа маш хязгаарлагдмал үлдсэн. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 1-нээс эхлээд хүчин төгөлдөр үйлчилж эхлэхтэй холбоотой бүх бэлэн байдлыг хангасан байх шаардлага гарч буй" гэдгийг хэлсэн юм. 

Бусад мэдээ

Нийслэлд 83 километрийн урттай “Шинэ тойрог зам”-ыг нэг жилийн хугацаанд барина

Нийслэлд 83 километрийн урттай “Шинэ тойрог зам”-ыг нэг жилийн хугацаанд барина

Засгийн газрын хурлаас гаргасан шийдвэрийг хүргэж байна.Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний ү

Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт тасалдсанаар Хятад "шаталтад" орж байна

Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт тасалдсанаар Хятад "шаталтад" орж байна

"Asia Times" сайтад манай улсын нүүрсний борлуулалттай холбоотой нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн