Монгол цаатан” сэдэвт шуудангийн марк өнөөдрөөс гүйлгээнд гарлаа. Энэхүү шуудангийн дөрвөн нэр, нэг блок маркт цаатны нүүдэл, сургууль руугаа цаа бугаа унаад явж буй цаатан хүүхдүүд, цаатан бөө, тайгын анчин болон цаатны отгыг жилийн дөрвөн улирлаар зохиомжлон харуулжээ. Мөн блокны чимэглэл хэсэгт баруун тайгын Гадар Өөс уул, нас бие гүйцсэн этэр цаа бугыг дүрсэлж зурсан байна.
“Монгол цаатан” дөрвөн нэрийн маркийг нийт 16 мянган ширхэг хэвлэсэн бөгөөд тус бүр нь 1000 төгрөгийн үнэтэй. Харин блок марк нийт 10 мянган ширхэг хэвлэгдсэн, үнэ нь 3000 төгрөг. Анхны өдрийн хос дугтуй (АӨД) 555 ширхэгийг хэвлэсэн бөгөөд үнэ нь 12,000 төгрөг. Марк, АӨД-ны зураач Б.Баярхүү. Маркийг Франц улсад хэвлэсэн. Энэхүү маркийг сонирхсон хүмүүс хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авах боломжтой.
Цаатан гэж Хөвсгөлийн тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг Тува угсааны монголжсон иргэдийг нэрлэдэг. Рашид-Ад Дины “Судрын чуулган”-д анхлан цаа малладаг “Ойн урианхай иргэд”, “Ойн урианхай аймаг” гэж тэмдэглэгдсэн байдаг. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Хөвсгөл аймгийн Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шишгэдийн голын сав нутаг, Зүүн, Баруун тайга юм. 2024 оны хүн амын тооллогоор 200 гаруй хүн өөрийгөө “цаатан” гэж бүртгүүлжээ. Тэд 2800 орчим цаа буга маллан аж төрж амьдарч байна.