Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг Евроазийн худалдааны түр хэлэлцээрээр тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварын 30 хувийг тэглэнэ гэсэн зүйл заалт орж ирснийг эсэргүүцэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийв.
2024 онд манай улс 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон байна. Үүнийг хүн амынхаа тоонд хуваагаад үзэхэд нэг хүнд жилд 1,000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи оногдож байна. Үүнд дээр нэмээд ямар ч хяналтгүй байгаа электрон тамхийг өнгөрсөн онд 7.8 сая ширхгийг импортолсон байгааг хүн амынхаа тоонд хуваагаад үзвэл нэг хүнд жилд хоёр ширхэг электрон тамхи ногдож байгаа аж.
Манай улс нийт тамхин бүтээгдэхүүнийхээ 35 хувийг Евроазийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортолдог байна. Тэдгээрийн гаалийн албан татварыг тэглэж байгаа нь зөвхөн тус 35 хувийн зах зээлийн асуудал биш аж. Учир нь манай улс голлон Казахстан болон БНСУ-аас тамхи импортолдог. Гэтэл БНСУ-аас манай руу тамхи импортолдог компани Казахстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа аж. Энэ нь цаашид манай улсад орж ирж байгаа бүхий л тамхин бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай харагдаж байна гэдгийг тэрбээр онцлов.
"Бусад улсууд гаалийн болон онцгой албан татвараараа тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндээ хамгаалдаг"
Үргэлжлүүлэн тэрбээр "Энэ хэлэлцээр талхнаас хямд тамхины хэлэлцээр шиг харагдаж байна. Учир нь манай улсын тамхины үнэ болон тамхины татвар хамгийн хямд байдаг. Гэтэл бусад улсууд гаалийн болон онцгой албан татвараараа тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндээ хамгаалж байдаг.
Манай улс угийн талхнаас хямд байгаа тамхийг гаалийн татваргүй оруулж ирвэл тамхины үнэ зайрмагаас ч хямд болно. Төр иргэддээ хор бэлдэж өгөх бодлогыг явуулах ёсгүй.
Тамхины татварыг буулгавал оршуулгын газар л нэмэгддэг. Тамхины 30 хувийн татвараас улсын төсөвт жилд ₮68 тэрбум орж ирдэг. Энэ мөнгийг авч чадахгүй болно. Иймд УИХ Засгийн Газартаа энэ заалтыг хасах үүрэг даалгаврыг өгөх ёстой гэсэн байр суурьтай байна" гэв.