2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжээ.
Өнгөрсөн онд тус шалгалтыг нийт 33 мянган сурагч өгсөн бол энэ жил 83 мянган шалгуулагч болж өсжээ. Энэ нь 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсонтой холбоотой аж. Түүнчлэн шалгалтын дүн хугацаагүйгээр буюу насан туршид хүчинтэй болсон гэдгээрээ онцлог байна.
Шалгалтын дүнг өмнөх жилийнхтэй харьцуулахад, анхны дундаж, гүйцэтгэлийн дундаж, хэмжээст оноо тус бүр буурсан үзүүлэлттэй байна.
Тэгвэл шалгалтад тэнцээгүй болон хариутайгаа санал нийлэхгүй байгаа шалгуулагч хэрхэх талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагаас тодруулахад, "Тэнцээгүй бол арванхоёрдугаар сард дахин шалгалт өгөх боломжтой.
Өмнө жилүүдэд ч гэсэн шалгалтын хариутай санал нийлэхгүй тохиолдол гарч байсан. Хэрэв ийм тохиолдолтой байгаа бол тав хоногт багтааж буюу энэ сарын 13-ныг хүртэлх хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өргөдөл гаргаж, шалгалтын материалтайгаа танилцах боломжтой.
Өргөдлийг ШУТИС-ийн "Т" байрны хоёр давхрын 207 тоотод, ажлын цагаар буюу 9-18 цагт өгөхийг анхаараарай" гэв.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв