Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Дэлхий нийтээрээ жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” хэмээн тэмдэглэж, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болсон гэр бүлийн үнэ цэнийг дээдэлж, гэр бүлийг хамгаалах, дэмжих уриалгыг түгээдэг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийг тэргүүлэх зорилтын нэг гэж үзэн, “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-ыг байгуулж,нийгмийн үндсэн нэгж “гэр бүл”-ийг дэмжих, ялангуяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг цогцоор анхаарч байна.
“Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийн үеэр хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар үзүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээ газар дээр нь болон онлайнаар үзүүлэх, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олголт, тараах материал, статистик тоон мэдээллийг танилцуулах зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос авах юм.
Мөн ГБНХЯ-наас Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын” хөтөлбөрийн хүрээнд “Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-т хамрагдсан айл өрхийн төлөөлөл өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгоно. “Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-т Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1,259 өрхийг хамруулжээ.