АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өөрийн Элчин сайдын яамдад гадаад оюутны визийн ярилцлагыг түр зогсоох чиглэл өгсөн тухай Ройтерс агентлаг мэдээлсэн тухай Reuters, ВВС зэрэг хэвлэлүүд мэдээллээ. Цагаачлалын хатуу бодлогын хүрээнд хууль бус оршин суугчдыг албадан гаргах, оюутны визийг цуцлах алхмуудын нэг хэсэг гэнэ. Мөн оюутнуудын цахим сүлжээний мэдээллийг шалгаж байж виз олгох эсэхийг тодорхойлдог болохтой холбоотой ийм арга хэмжээ авч байгаа юм байна.
Тодруулбал Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Их сургуулийн болон солилцооны оюутнуудын олон нийтийн сүлжээний хэрэглээг шалгах шинэ удирдамжийг шалгалт хийж дууссаны дараа гаргана. Тиймээс консулын газрууд шинэ ярилцлагын цаг товлохоо түр зогсоох шаардлагатай” хэмээн ярьсан байна. Ингэхдээ товлогдсон ярилцлагуудыг хэвийн явуулах бол шинэ ярилцлагын цаг товлохгүй байх үүрэг өгчээ.