Нарийн төвөгтэй ажлыг хөнгөвчлөх, автоматжуулах зорилготой үүссэн хиймэл оюун хүмүүсийн амьдралд өдгөө түүнээс ч чухал оролцоотой болжээ. “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “AI Ascent” арга хэмжээний үеэр “Өнөө цагт хүмүүс ChatGPT-г зүгээр л и-мэйл бичих, тоон мэдээлэл боловсруулахад ашиглахаа больсон. Харин энэ нь хүний сэтгэн бодох үйл ажиллагааг орлох хэмжээнд хүрчээ. Ялангуяа Z үеийнхэн хувийн амьдралтайгаа холбоотой сэтгэл зүйн зөвлөгөө авах, чухал шийдвэр гаргахдаа түгээмэл ашиглаж буй нь этгээд санагдаж болох ч сонирхолтой судлагдахуун болж байна” хэмээсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
ChatGPT, Google Gemini, Microsoft Copilot, DeepSeek зэрэг нь хүмүүсийн түгээмэл ашигладаг AI хэрэгсэл болоод буй. 20 хүртэлх насныхан үүнийг үйлдлийн системийн түвшинд, 20-30 насныхан зөвлөгчийн хэмжээнд, ахимаг насны хэрэглэгчид Google-ийг орлуулах хэрэгсэл гэж авч үзэх нь элбэг гэнэ. Харин өнөөгийн технологи хэрэглэгчид өөрийн оюун бодлоор бодож тунгаах, логиктой сэтгэх, дүн шинжилгээ хийх ухамсрын үйл ажиллагаагаа хиймэл оюунаар орлуулах, түүний зааврыг дагах хандлагатай болсон нь анхаарах асуудал мөн. Хүүхдэдээ нэр өгөхдөө ChatGPT ашиглаж буй хошин бичлэг гаднын цахим сүлжээнд нийтлэгдсэн байна лээ. Тэр битгий хэл, их сургуулийн төгсөлтийн арга хэмжээний үеэр оюутнууд хиймэл оюунд талархал илэрхийлж байгаа контент ч гарсан.
Эдгээр AI хэрэгсэл нь хэзээд нээлт тэй, асуусныг шүүмжилж, буруутгалгүй зөвлөдөг, чанд нууцлалтай, хүртээмжтэй, үнэ төлбөргүй байдаг нь хэрэглэгчдийг татаж байна. Та “Найз охин, залуу маань намайг үнэхээр хайрладаг болов уу”, “Эцэг, эхтэйгээ муудалцчихлаа. Уучлал гуйх хэрэгтэй юу”, “Би ганцаардаж байна. Намайг хэн ч ойлгодоггүй” гэхчлэн юуг ч асууж болно. Гэхдээ хариулт нь статистик магадлал, цугларсан бусад өгөгдөлд суурилан хүрч буйг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ бол жинхэнэ харилцаа биш төдийгүй бусдын “бодлоор” ирээдүйгээ шийдүүлж буй хэрэг гэхэд хилсдэхгүй. Хэрвээ таны амьдралын чухал шийдвэрт буруу чиг өгвөл хэнийг ч буруутгах аргагүй юм. Тэгэхээр AI хэчнээн төгс ухаантай зөвлөх байлаа гээд таны хүүхдийн, эсвэл өөрийн тань ирээдүйг хөндлөнгөөс шийдээд эхэлбэл юу болох вэ. Түүнд цугларсан хур их мэдээллийг хэн нэгэн өөрт ашигтайгаар, бусдыг манипуляцлахад чиглүүлбэл яах вэ Урсан өнгөрөх хотын зав чөлөөгүй хэмнэлийг дагасан ганцаардал, сэтгэл зүйн ярвигтай асуудлуудыг шийдэх хэрэгцээг техник технологи нөхөж байна хэмээн харж болох юм. Гэхдээ бид бусдад сэтгэлээ уудлах, нүүр тулж ярилцах, өөрөөрөө бодож тунгаах, рациональ сэтгэх орон зай, амьд харилцаагаа ямагт хадгалах ёстой. Хиймэл оюун хүмүүсийн ажлыг гарцаагүй сайн хөнгөвчилж буй. Гэхдээ энэ нь зохистой ашиглах хэрэгсэл болохоос бус, бүхнийг чадагч, мэдэгч гэж эндүүрч болохгүй.
Д.Хүслэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин