БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалт хийсэн нь амжилттай ургажээ.
Туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тн цагаан будаа хурааж авах тооцоо гаргасан байна. Энэ нь БНСУ-ын тариалангийн талбайн дундаж ургацтай тэнцэж байгааг “КОПИА Монгол” төвийн захирал, цагаан будааны мэргэжилтэн У Мён Гюү онцлоод, “Солонгосын хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг туршиж үзсэний эцэст Монголд тохирох тутаргыг ургуулж чадлаа. Цагаан будааны тариалалтыг баталгаажуулснаар кластерийн системээр хөгжүүлэх боломжтой” хэмээн туршилтын тариалалтыг дүгнэлээ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын ажлын хэсэг Булган суманд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалж буй “Жи Ай Эм И Икс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Компанийн захирал Ж.Ганхуяг өнгөрсөн 20-иод жилийн өмнөөс тутарга тариалах судалгаа хийж эхэлжээ. Тэрбээр, “Тутаргын тарилалтыг дагаад нуур цөөрөм, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах нь эрс тэс, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой. Монголд тохирсон цагаан будааны сортыг тариаланд нэвтрүүлснээр 68 мянган тонн цагаан будаа буюу 50 орчим сая ам.долларын импортын хамаарлаас гарч, 5-8 мянган ажлын байр шинээр бий болгож, хөдөөгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болно. Эцсийн дүнд нь монгол хүн баталгаатай, шинэ ургацын цагаан будаа идэх боломж бүрдэнэ” гэжээ.
Монголд тутарга тариалах судалгааг 40 гаруй жилийн өмнөөс эхлүүлж байсныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурдаад, “Хувийн хэвшил, гадаадын түнш байгууллагатай хамтран импортыг орлох, газар тариаланг хөгжүүлэх судалгаа шинжилгээ, туршилтыг гардан хийж байгаа нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад оруулж буй томоохон хувь нэмэр” гэдгийг тодотгов.