Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн нэг үндсэн бүрэлдэхүүн болох Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд УСУГ-ын төвийн шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, шинэчлэн УСУГ-т албан ёсоор энэ сарын 23-нд хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Суурин төлөөлөгчийн газар, Монголын Мянганы сорилтын сан, Хот, байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Монголын Мянганы сорилтын сангийн Хөтөлбөрийн менежментийн зөвлөх “Тетра тех” компани, төслийн гүйцэтгэгч “Эйч Ти Эл” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Төслийн зорилго, үндэслэл: Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжид ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ тасралтгүй, найдвартай хүрэхэд УСУГ-ын үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдал чухал ач холбогдолтой бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны зардлын томоохон хэсгийг гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардал эзэлдэг. Уг төсөл Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулж УСУГ-ын үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. УСУГ нь гэр хороололд оршин суудаг Улаанбаатар хотын 800,000 орчим иргэнд нийт 700 гаруй ус түгээх байраар дамжуулан цэвэр усаар хангах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүний 331 нь шугамд холбогдсон юм. 2015-2016 онд УСУГ төвийн шугамд холбогдсон 151 ус түгээх байрыг автоматжуулж, ус түгээх ухаалаг төхөөрөмж суурилуулснаар гэр хорооллын иргэд 24/7 цэвэр усаар хангагдах боломжийг нээсэн юм. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслөөр шугамд холбогдсон 180 ус түгээх байранд ус түгээх ухаалаг төхөөрөмж суурилуулан автомат ажиллагааг нэвтрүүлж, эдгээр шинээр автоматжуулсан 180 ус түгээх байрыг өмнө автоматжуулсан 151 ус түгээх байртай нэгтгэн нэг системээр удирдах боломжтой болов. Ийнхүү гэр хорооллын иргэд УСУГ-ын төвийн шугамд холбогдсон нийт 331 ус түгээх байраар цагийн хязгаарлалтгүй үйлчлүүлж, ундны цэвэр усаар хангагдах боломжтой боллоо.
Төслийн цар хүрээ: Тус төслөөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн нийт 61 хороонд байрлах төвийн шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг автоматжуулж шинэчлэв. Төслийн хүрээнд УСУГ-ын шугамд холбогдсон нийт 331 ус түгээх байрыг нэг хяналтын системд холбож интеграц хийх ухаалаг ус түгээх байрны нэгдсэн хяналт, удирдлагын шинэ SCADA системийг хөгжүүлсэн бөгөөд энэ хүрээнд системийн үйл ажиллагаанд шаардлагатай сервер, компьютер болон бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэх, 180 ус түгээх байранд автоматжуулалтын тоног төхөөрөмж суурилуулах, узель, цахилгаан хангамжийн шинэчлэл хийх, ус түгээх байрны хана, дээврийн өнгөлгөө засал хийх, удирдлагын систем болон ухаалаг төхөөрөмжийн ажиллагааны талаар УСУГ-ын ажилтнуудад сургалт зохион байгуулах, баталгаат хугацааны хүрээнд засвар үйлчилгээ үзүүлэх ажлууд багтсан болно.
Төслийн үр дүн, ач холбогдол