Нийслэл Улаанбаатарт хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн үерийн эрсдэл нэмэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд ноцтой нөлөөлж байгаа.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах” төслийг хэрэгжүүлж, 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар эхний ээлжид 9 байршилд хамгаалалтын далан, сувгийн барилга, ус зайлуулах шугамыг шинэчилж, өргөтгөх ажил хийгдэх юм.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний баримт бичгийг боловсруулахаар Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ шалгарч, Дэлхийн банктай хамтран ажиллаж эхэлсэн байна.
Төсөл хоёр багцаар хэрэгжинэ.
Одоогоор төслийн эхлэлийн тайлан засварлагдан, Захиалагч болон Дэлхийн банкинд хүргүүлж, санал зөвлөмжийг тусган ажиллаж байна.
Ингэснээр Улаанбаатар хотод үерийн хамгаалалтын барилга байгууламж болон ус зайлуулах төв магистраль шугам шинээр баригдах юм.
Эх сурвалж: НЗДТГ