fitness
  • 128 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 18 цагийн өмнө

Торгууд түмний  хувьд өвөг дээдсийнхээ үйл хэрэг, өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, Торгуудын их нүүдлийг дурсан санах, таниулах, гэдэг онцгой чухал. Ийм ч учраас их нүүдлийг дурсан санах, түгээн дэлгэрүүлэх олон арга хэмжээг нутаг ус, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг Торгууд түмэн зохион байгуулж ирсэн байдаг. Энэ жилийн тухайд Торгуудын их нүүдэл 255 жилийнхээ ойтой золгож буй. Иймээс 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Багшийн Их сургууль дээр  “Торгуудын их нүүдэл 255” эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Монгол, Орос, Хятад Улсын  30 гаруй эрдэмтэн, доктор судлаачид оролцох уг хурлын үеэр “Торгуудын түүхэн товчоо” ном хэвлэгдэн гарахаас гадна нийт 5 номын нээлт  болох аж.  


Түүхэн мэдээлэл хүргэхэд 1771 оны нэгдүгээр сарын 5 -нд Ойрадын Торгууд, Хошууд аймгийнхан Ижил мөрнөөс халуун элгэн нутагтаа тэмүүлэн хөдөлжээ. 33,361 өрхийн 168,080 хүн эх нутаг руугаа буцахаар гарсан энэ их нүүдэл нь Монголын түүхэн дэх хамгийн хүнд, хамгийн эмгэнэлт нүүдэл байсан гэдэг. Хахир өвөл, өлсгөлөн, өвчин тахал, дайсны довтолгоо, замын тарчлаан дунд хэдэн сар үргэлжилсэн энэ их замын эцэст ердөө 15,793 өрхийн 66,073 хүн л амьд мэнд уугуул нутагтаа хүрч чадсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, зуун мянга гаруй хүн эх нутагтаа хүрэлгүй замдаа амиа алджээ. Монголчууд түүхэндээ олон удаа их нүүдэл хийсэн ч энэ мэт олон мянган хүний амь насанд хүрсэн, ингэтлээ ядарч туйлдсан нүүдэл ховор. Энэ бол зүгээр нэг шилжилт биш, харин эх нутгийн төлөөх амь дэнчин тавьсан тэмцэл байсныг түүхэнд бичсэн байдаг.  “Чи алагдаж болно, ялагдаж эс болох” хэмээн Убаш хан ард иргэдээ зоригжуулж, дайсны эсрэг шуурга сөрөн тэмцсээр энэ их нүүдлийг удирдсан нь Торгуудын түүхийн хамгийн тод, хамгийн эмгэнэлт хуудас юм.


Ийм нүүдлийг Монголын түүхээс арчиж, мартаж үл болно. Торгуудын Их нүүдлийг Оросын их найрагч А. С. Пушкин хүртэл түүхийн гүнээс харж, ийнхүү дүрсэлсэн байдаг:

“Сар нарны зааг, үүр шөнийн завсраар

Самараас Иргис хүртэл их талын дундуур

Хасаг тэргээ чихруулсан гучин мянган өрх

Халимагийн их нүүдэл зүүд нойронд өнгөрөв үү?…

 Энэ бол зүүд биш. Энэ бол эх нутагтаа хүрэхийн төлөөх цус, нулимс, тэсвэрийн өр шимшрэм түүх юм”  

Торгууд түмэн Ховд аймгийн Булган сумын нутагт голдуу амьдарч, аж төрдөг. Булган сум нь Улаанбаатар хотоос 1855 км, Ховд аймгийн төвөөөс 385 км зайтай оршин тогтнож байна.

 

Ж.Батхишиг

 

 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн