Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны нэгдүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийт 180 мянган тонн эрчим хүчний нүүрс худалдан авах бөгөөд татан авалтыг энэ сарын 13-наас эхлүүлжээ.
Үүнээс "Тавантолгой түлш" ХХК 120 мянган тонн нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдийг хангах бол үлдсэн 60 мянган тонныг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах 100-4200 кВт хүчин чадалтай зуухуудыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх хоёр хувилбарыг боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалаа орчимд нийт 2.4 МВт хүчин чадалтай гурван сэргээгдэх эрчим хүчний бичил цахилгаан сүлжээ байгуулж, 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ. Уг төслийг ирэх наймдугаар сард багтаан батлуулахаар ажиллаж байна.