УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар Оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх тухай нийтийн өргөдлийг хэлэлцэв.
Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системд иргэн Д.Гансаруулын гаргасан оршуулгын газрын эмх цэгцийг хангах талаар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх тухай өргөдлийг нэг сарын хугацаанд 100,237 иргэн дэмжжээ. Иймд өргөдлийг хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогт тус байнгын хороонд есдүгээр сарын 7-нд хуваарилсан юм.
Хуралдааны эхэнд иргэн Д.Гансаруул өргөдлийнхөө үндэслэл болон иргэдээс өгсөн саналыг танилцуулав. Энэ асуудал нийгэмд томоохон хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлсэнтэй холбоотойгоор судалж үзэхэд үүнийг зохицуулсан бие даасан хууль байхгүй, олон жил салангид журам, дүрмээр зохицуулж байгаа нь цаашид нийгэмд маргаан, талцал үүсгэсээр байх шинжтэй байгааг тэрбээр хэлсэн юм. Нийтийн өргөдөлтэй холбогдуулан иргэдээс гол горхины эх, нуур усны эрэг гэх мэт зөвшөөрөлгүй газар дахь оршуулгыг нүүлгэн шилжүүлэх, гадаадын иргэдээс газар гуйж оршуулга хийдгийг зогсоох, энэ чиглэлийн үйлчилгээний бизнесийн зохицуулалтыг сайжруулах, өртөг зардлыг бууруулж иргэдэд дарамт багатай болгох зэрэг санал уламжилсныг тэрбээр дамжуулав.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан оршуулгын салбарын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Манай улсад өнөөдрийн байдлаар оршуулгын үйлчилгээ эрхлэхээр бүртгэгдсэн 60 гаруй байгууллага байгаагаас идэвхтэй ажиллаж буй нь 15 орчим бөгөөд зөвхөн нийслэлд жил бүр дунджаар 11 га шинэ оршуулгын талбай нэмэгддэг гэсэн юм. Нэг оршуулгад дунджаар 6.8 сая төгрөгийн зардал гардаг бөгөөд үйлчилгээний үнэ 1.2-23 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд бие даасан хуультай болох, улсын хэмжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн системтэй байх, байгаль экологийн цэвэр, ариун байдлыг хамгаалах, оршуулгын үйлчилгээний нэгдсэн стандарт, зөвшөөрлийг тогтолцоог бий болгох, хуучин оршуулгын газруудыг тооллого, төлөвлөлтөд хамруулах, хот төлөвлөлт, газрын бодлоготой уялдуулах зэрэг санал хэллээ. Харин хэт төвлөрсөн зохицуулалт бий болгох, шашны болон зан үйлийн асуудал руу гүнзгийрэн оролцохоос болгоомжилж, иргэдийн зардлын ачааллыг өсгөхгүй байх, орон нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог сулруулахаас сэрэмжлэх шаардлагатайг анхааруулж байлаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа оршуулгын харилцаатай холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай саналыг УИХ-ын даргад хүргүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь тус саналыг дэмжив. Мөн УИХ-ын даргад хүргүүлэх саналыг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо.