fitness
  • 334 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-08

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 90 жилийн ойнхоо хүрээнд “Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний салбар хуралдааныг өнөөдөр /2023-12-07/ “Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд  зохион байгууллаа.



Анх 1933 онд Ардын эрүүлийг хамгаалах сайдын 01 тоот тушаалаар “Улсын ариун цэвэр, бактери шинжилгээний газар” байгуулагдсанаар одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсан гэж үздэг.



Хожим 1968 онд “Улсын ариун цэвэр, бактери шинжилгээний газар”, “Халдвар судлалын үндэсний бригад”, “Ариун цэвэр халдвар судлалын төв станц”, “Бруцеллёзийн улсын диспансер” гэсэн дөрвөн байгууллагыг нэгтгэж “Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт” буюу одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байгуулагдсан.



Нийгмийн эрүүл мэндийн судалгаа шинжилгээний цөм болсон тус байгууллагын 90 жилийн түүхэнд шинжлэх ухаан, боловсролын докторын зэрэг хамгаалсан 90 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг 10 гаруй хүн хүртсэн байдаг.



Энэ удаагийн хуралд эрдэм шинжилгээний судлаачдаас эхний шатанд 70 гаруй илтгэл хүлээн авч хоёрдугаар шатанд 13 илтгэлийг шалгаруулан хэлэлцэж шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.
Илтгэлийн чиглүүлэгчээр Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор С.Цэгмид, ЭМЯ-ны БТГ-ын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн ахлах шинжээч, анагаах ухааны доктор Д.Ганзориг нар, шүүх бүрэлдэхүүнд МАУА-ийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, БШУ-ны доктор, профессор Ж.Оюунбилэг,  МАУА-ийн гишүүн, БШУ-ны доктор, дэд профессор Ц.Энхжаргал,   НЭМҮТ-ийн захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан нар  шүүж эхний 3 байрыг шалгарууллаа. 



“Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг бүтээлээр “Нээлттэй өгөгдөлд суурилсан орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бий болгох” сэдвээр М.Амарзаяа Робот системс ХХК мэргэжилтэн шалгарлаа.
Хоёрдугаар байрт шалгарсан АШУҮИС, НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхим, магистр Н.Туул нарын “Насанд хүрсэн монгол хүний гэдэсний сүүн хүчлийн бактерийн зүйлийн бүрдлийн ялгаатай байдал” илтгэл шалгарлаа. Энэхүү илтгэлд судлаачид “Өдөр тутмынхаа хоол хүнсэнд цагаан идээ ялангуяа исэг цагаан идээг хэрэглэж гэдэсний ашигтай бактериа (пробиотик) дэмжээрэй, учир нь сүү, цагаан идээний хэрэглээ нь хүний гэдсэнд агуулагдах ашигтай бичил биетний агууламжийг нэмэгдүүлдэг. Хот, суурин газрын хүмүүс тогтмол цагаан идээ хэрэглэж сурах, хэрэглэж сураагүй хүмүүс бага багаар хэрэглэж дасгах, учир нь сүү цагаан идээ их хэрэглэдэг хүмүүсийн дунд харшлын тохиолдол бага байдаг” тухай дурдсан байна.
Шилдэг илтгэлийн гуравдугаар байрыг НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны судлаач, магистр Т.Ганзориг “Хүнсэнд хэрэглэгдэх тосны чанарыг судалсан дүн” илтгэлээр эзэлсэн. Тэрбээр илтгэлдээ “Extra virgin буюу цэвэршүүлээгүй оливын тос нь эхний шаралтаас шаталтын цэгт хүрч байсан учраас хоол хүнсийг хуурч, шарж хэрэглэхэд тохиромжгүй юм. Мөн кокосын тосыг олон дахин ашиглах үед исэлдэх процесс бусад тосноос 2.5 дахин их байгаагаас харахад энэ тосыг шарж хэрэглэх нь тохиромжгүй” гэсэн дүгнэлтийг танилцуулсан.  


Бусад мэдээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэг өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэв

"Тод каннам" гоо сайхны эмнэлэг өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэв

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэ

Дэнжийн мянга орчмын зургаан га газрын эрхийг НЗДТГ-т шилжүүлнэ

Дэнжийн мянга орчмын зургаан га газрын эрхийг НЗДТГ-т шилжүүлнэ

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.