Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн гүйцэтгэж чадах супер хиймэл оюуныг бүтээх “Meta Superintelligence Labs” (MSL) гэдэг нэртэй салбар байгуулж буйгаа "Meta" компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергмэдэгджээ.
Уг лабораторийг хиймэл оюун хөгжүүлэгч “Scale AI” гарааны компанийн ерөнхий захирал асан Александр Ван удирдана. MSL-ийн удирдлагын багт мөн мэдээллийн технологийн төслүүдийн вэб хуудсыг интернэтэд байршуулах, хамтран хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэгч “GitHub” компанийн захирал асан Нит Фридман орох ажээ. М.Цукерберг мэдэгдэхдээ, хиймэл оюун хурдацтай хөгжихийн хэрээр супер оюун ухаан бидний анхаарлын төвд орж ирж байна. Супер хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний шинэ эриний эхлэл байх болно гэжээ.
Тэрбээр энэ онд хиймэл оюуны хөгжүүлэлтээр "OpenAI", "Google" компаниудтай өрсөлдөхөд гол анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. "Meta" компани хиймэл оюуныг өдгөө "хамгийн чухал технологи" гэж үзэж байгаа тул ирэх жилүүдэд хиймэл оюун ухааны төслүүдэд "хэдэн зуун тэрбум" ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
М.Цукерберг супер оюун ухаан бүтээх мэргэжилтнүүдийн багийг өөрөө биечлэн сонгон бүрдүүлж байгаа тухай "Bloomberg" өмнө нь мэдээлж байсан юм. Эх сурвалжуудын ярьснаар, "Llama 4" загварын сүүлийн хувилбар хангалтгүй байсан нь түүнийг шинэ бүтэц байгуулахад шууд оролцоход хүргэсэн ажээ.