"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.
Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дуусч, өнөөдөр /2025.07.08/ нээлтээ хийнэ.
Урт цагааны нураасан барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан.
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгч "Бодь пропертийз" ХХК-тай байгуулсан.
Ногоон байгууламж, газар доорх авто зогсоолоос гадна жуулчдад зориулсан хэсгийг багтааснаар онцлогтой.
Хүрээлэнгийн нийт талбайн 26.5% ногоон байгууламжтай бөгөөд задгай театр, иргэд суух сандал, гэрэлтүүлэг, будант оргилуур, усан толио болон явган хүний замтай. Мөн зах хэсгээр саравчтай, ногоон байгууламж нь гарцтай байхаар төлөвлөгдсөн.
Харин гурван давхар, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг есдүгээр сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Уг бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр “Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэж байна.