Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн наадмын өдрүүдэд анхны усаа авч туршжээ.
Улмаар аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулан хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоох юм. Үйл ажиллагааг жилийн турш жигдэртэл туршсаны дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай.
Мөн бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах үндсэн хоёр технологийн дагуу ажиллах тул цэвэрлэх байгууламжийн үнэр эрс багасна. Энд ажиллах боловсон хүчнийг БНХАУ-ын хотуудад 2023 оноос тасралтгүй бэлтгэж, сургалтад хамруулаад байна.
1964 он ашиглалтад орсон Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд 240 мянган шоо метр хүртэлх ус хүлээн авч буй юм.