fitness
  • 687 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-09-29

 

Ярилцсан Т.Өнөрсайхан

МУИС-ийн дэд профессор, доктор /Ph.D/, сэтгүүлч

 

            Ардчилал, өөрчлөн байгуулалт, чөлөөт хэвлэл гэсэн үгээс цааш алсыг харах туршлага, баримжаа дутмаг байсан нийгэмд Монголын сэтгүүл зүйн сургалтын ирээдүйг чиглүүлэх, шинэ үеийн сэтгүүлчдэд эрх чөлөөт үзэл санааны үрийг төлөвшүүлэх адармаатай үүргийг Сэтгүүл зүйн тэнхимийнхэн “нуруундаа үүрсэн” юм. Энэ үед манай тэнхим Монгол Улсын сэтгүүл зүйн сургалт, судалгааны томоохон төв болж төлөвшсөн” гэж доктор (Sc.D), профессор Маулетийн Зулькафиль эргэлтийн он жилүүдэд хийсэн ажлаа дүгнэж байна.

 

-Таныг дөнгөж сургууль төгсөж ирээд энгэртээ “ромбо” зүүсэн залуухан багш анхны хичээлээ зааж байсан гэж тухайн үеийн оюутнууд дурссан байдаг. Монгол Улсын Их Сургуультай ажил, амьдралын 44 жилээ холбосон байна. МУИС Сэтгүүл зүйн тэнхимийг хоёр дахь удаагаа байгуулахад та тэнхимийн үндсэн бүрэлдэхүүн болж, тухайн үед сургалт судалгааны шинэ үеийг эхлүүлжээ.  

-Би 1981 онд ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд Дээд боловсролын хорооны коллегийн хурлаар МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд хуваарилагдсан юм. “Доктор Г.Дэлэгт багш хэрэгтэй учраас чамайг тийшээ явуулах хэрэгтэй. Улаан дипломтой, Сүхбаатарын нэрэмжит стипендтэй төгсөөд ирсэн хүн байна. Багш болох бүрэн боломжтой”  гээд тухайн үед Дээд боловсролын хорооны дарга, МУИС-ийн ректорын албыг хавсарч байсан, академич Н.Содном гуай намайг явуулсан. Ингээд 1981 оны долоодугаар сарын нэгэнд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд багшаар ажиллах миний тушаал гарсан юм. Намайг тэнхимдээ анх орж ирэхэд Г.Дэлэг гуайгаас гадна урьд нь “Новости Монголии” сонин, МОНЦАМЭ-д сэтгүүлчээр ажиллаж байсан Л.Бадамханд,  Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг надаас гурван жилийн өмнө төгссөн Ц.Цогтсайхан  багш нар байсан. Үндсэндээ дөрвөн анги байсан. Намын дээд сургуулиас Сэтгүүл зүйн тэнхим 1978 онд шилжиж МУИС-ийн Марксизм-Ленинизмийн тэнхимийн харьяанд байж байгаад 1979 оноос бие даасан байдаг. Тэнхимийн эрхлэгчээр “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Тоншуул” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Гэндэнжамцын Дэлэг гуайг томилсон юм билээ. Жилийн дараа 1982 онд МУИС-ийг Л.Норовсүрэн багш төгсөж тавуулаа болсон. Энэ хооронд Л.Бадамханд багш Москвад аспирантурт явсан. Ингээд бид дөрвөн багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр “Нийт хичээлийн 20 хувийг англи хэлээр заа!” гэсэн шаардлага тавьж байгаатай адилхан 80-аад оны эхний үед хичээлийн тодорхой хувийг орос хэлээр заах ёстой гэсэн шаардлага тавьж байв. Шаардлагын дагуу 80-аад оны эхний үед ихэнх хичээлийг Ц.Цогтсайхан бид хоёр  орос хэлээр зааж байсан. Г.Дэлэг багш ч мөн ганц нэг хичээлийг орос хэл дээр заагаад эхэлж байсан.

- Г. Дэлэг багш бол сэтгүүл зүйгээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан монголын анхны хүн. Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Сайн багшийг үр хүүхдээс нь гадна эрдмийн үрээ өвлүүлсэн шавь нар нь байнга дурсан санадаг. Г.Дэлэг гуай таны дэд эрдэмтний (Ph.D) ажлыг удирдсан багш. Бидний хувьд багшийн багш юм.

-Г.Дэлэг багшийг манай тэнхимд Л.Норовсүрэн багш бид хоёроос илүү сайн мэдэх хүн байхгүй. Сэтгүүл зүйн салбарын хамгийн анхны дэд эрдэмтний зэрэг 1965 онд хамгаалсан. Дараа нь 1972 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ утгаараа Г.Дэлэг багш бол монголын сэтгүүл зүй судлалын эх суурийг тавьсан хүн гэж хэлж болно. 1895 оны “Дорнод хязгаарын амьдрал” сониноос эхлээд 1970 он хүртлэх монголын сэтгүүл зүйн түүхийг тэр чигээр нь гурван боть ном болгоод бүтээсэн хүн бол Г.Дэлэг багш. Энэ бол Г.Дэлэг багшийн Монголын сэтгүүл зүйд оруулсан гарамгай хувь нэмэр гэж нэгдүгээрт  хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Г.Дэлэг багш бол миний дэд эрдэмтний (Ph.D) зэргийг удирдаж хамгаалуулсан. Би гэрт нь байнга очдог байлаа. Багш бол Монголд нэг номерын номын сантай хүн байсан. Г.Дэлэг гуай маш их хөдөлмөрч хүн. Нэг суугаад юмаа бичихээрээ юу ч  анзаардаггүй. Л.Түдэв гуайгаас өмнөх аян замын тэмдэглэлийн нэрт мастер бол Г.Дэлэг гуай мөн. Маш олон аян замын тэмдэглэл бичсэн. Аян замын тэмдэглэлээ бичихдээ янз бүрийн нэвтэрхий толь ширээн дээрээ тавьчихдаг. Түүний аян замын тэмдэглэлүүд танин мэдэхүйн маш их ач холбогдолтой гэж боддог. Багш маань  шилдэг сэтгүүлч, сайн менежер байсан. Олон жил “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, Сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга,  “Тоншуул” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчийн ажлыг хийсэн. Ажлын зохион байгуулалт маш сайтай хүн байлаа.  Харамсалтай нь профессор, гавьяат цол ч авч чадаагүй. Яагаад гэхээр “Үнэн” сонинд ажиллаж байхдаа МАХН-аас сануулах арга хэмжээ авч байж л дээ. Коммунист нийгмийн үед хичнээн нэрээ дэвшүүлээд дээшээ очиход “Өө, намаас арга хэмжээ авахуулсан хүн байна. Болохгүй!”  гээд хойшлуулдаг байж. Сэтгүүл зүйн тэнхимд оруулсан энэ хүний гавьяаг бид хэлэхгүй өнгөрч болохгүй. Намын дээд сургуулиас 1978 онд Сэтгүүл зүйн тэнхим МУИС-д шилжиж ирэхэд 1979-1989 онд хүртэл энэ тэнхимийг удирдаж, авч явсан хүн юм. Сургалтын бүх баримт бичгийг боловсруулах, боловсон хүчнээр хангах, тэнхимийн материаллаг баазыг бэхжүүлэх ажлыг Г.Дэлэг багш хийсэн. Түүнээс  гадна Г.Дэлэг багш анхны сурах бичгийг бичсэн хүн шүү дээ. Сэтгүүлчдийн холбооны орлогч дарга Д.Үржинбадамтай хамтран “Хэвлэлийн онол, дадлага” номыг 1983 онд бичсэн. Энэ цэнхэр номыг  сэтгүүл зүйн анхны сурах бичиг гэж хэлж болно. Нөгөө талаар сэтгүүл зүйн түүхийн гурван боть ном бичсэн. Тэр номыг манай оюутнууд цээжээр шахуу мэддэг байсан. Г.Дэлэг багш хувь хүний хувьд гүндүүгүй, тусархуу, хүний аав шиг, ах шиг эерэг зөөлөн харилцдаг жинхэнэ монгол эр хүн байсан даа. Өөрөөр хэлбэл, Л.Норовсүрэн багш бид хоёр Г.Дэлэг багшийн тавьсан судалгааны эх суурийг өргөжүүлсэн хүмүүс болохоос цоо шинээр эхлүүлсэн хүмүүс бол биш ээ.

-Сэтгүүл зүйн тэнхимийн өнөөгийн өнгө төрхийг олоход 1990-ээд он чухал эргэлтийн жилүүд байсан. 80-аад оны төгсөлд сэтгүүл зүйн тэнхим цаашид байх эсэх асуудал яригдаж, бие даасан тэнхимийн статусаа алдаж байв. Гэтэл хэдхэн жилийн дараа “сэтгүүлч” хамгийн эрэлтэй мэргэжил болж тэнхим өргөжсөн байдаг. Түүхэн энэ онцгой үед Сэтгүүл зүйн тэнхимийг дахин байгуулах амаргүй үүрэг танд ноогдсон байна.

 

-Ер нь 1985-1986 оноос өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал мэдэгдэж, бүх юмыг өөрчлөх хэрэгтэй, шинэчлэх хэрэгтэй гэх мэт асуудал тавигдаад эхэлсэн. 1986 онд би аспирантурт шалгалт өгч тэнцээд 1989 оныг хүртэл сурсан юм. Энэ хугацаанд 1987 оныг хүртэл МУИС-ийн Сэтгүүлчийн ангид элсэлт авч байгаад элсэлтээ зогсоосон. Дөрвөн удаа элсэлт аваад тэднийг сургуулиа төгссөний дараагаар 1987-1989 онд утга зохиол, хэл шинжлэлийн ангид сурч байгаа оюутнуудаас сэтгүүлч-монгол хэлний багш, сэтгүүлч-утга зохиолын багш гэсэн хос мэргэжлээр тодорхой тооны хүүхдүүдийг сонгож аваад дөрвөн удаа төгсөлт хийсэн. Манай Сэтгүүл зүйн тэнхимийг 1989 онд Утга зохиолын тэнхимтэй нэгтгэж Утга зохиол-сэтгүүл зүйн тэнхим гэсэн нэр өгөөд С.Дулам багшийг эрхлэгчээр нь томилсон юм. Ингээд манай тэнхим Утга зохиолын тэнхимийн харьяанд хоёр жил байж байгаад 1991 онд дахин тусдаа Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсан. Ингэж байгуулагдахад Монголын Сэтгүүлчдийн Холбооны удирдлагууд гол нөлөө үзүүлсэн. “Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй боллоо. Сэтгүүлч боловсон хүчин хүрэлцэхгүй байгаа учраас Сэтгүүл зүйн тэнхим тусдаа байгуулагдах ёстой” гэсэн хүсэлтийг  тавьснаар МУИС-ийн ректорын шийдвэрээр 1991 оны зургаадугаар сарын нэгэнд Сэтгүүл зүйн тэнхим бие дааж байгуулагдсан. Ингэж Сэтгүүл зүйн тэнхим тусдаа байгуулагдан, намайг эрхлэгчээр томилсон юм. Би 2014 оныг хүртэл 23 жил тэнхимийн эрхлэгчээр тасралтгүй ажилласан. Миний бодлоор 1991-2000-аад оны эхэн үе бол манай Сэтгүүл зүйн тэнхимийн маш чухал үе байсан. Яагаад гэвэл намайг сургууль төгсөж ирэх үед мэргэших хандлага дөнгөж эхэлж байсан. Сонины анги, радиогийн анги, телевизийн анги гээд ийм гурван анги байсан. 1991 онд тэнхим байгуулагдсаны дараагаар энэ асуудал нэлээн хүчтэй тавигдсан. Бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 1994 онд шилжсэн. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд Сэтгүүл зүйгээр эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгаагүй учраас шууд докторын сургалт руу шилжээгүй. Ингээд 1996 онд тухайн үеийн Гэгээрлийн сайд Н.Уртнасанд Монголын Сэтгүүлчдийн холбоо, сэтгүүл зүйн эрдмийн зэрэгтэй хүмүүс нийлж дахин дахин шаардлага тавьсаар байгаад 1996 онд эрдмийн зэрэг хамгаалуулах бие даасан зөвлөлийг анх байгуулсан. Зөвлөлийн дарга доктор Л.Түдэв, орлогч дарга доктор  Т.Баасансүрэн, би эрдэмтэн нарийн бичгийн дарга гээд нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдаж байлаа.

 Тухайн үед мөн нийгмийн шаардлагаар хэвлэл мэдээллийн тоо нэмэгдэж, чөлөөт хэвлэл хөгжих эх суурь жинхэнэ утгаараа тавигдсан. Энэ үед Сэтгүүл зүйн тэнхимд хоёр чухал асуудал тулгамдаж байв. Нэгдүгээрт, багшлах боловсон хүчнээр хангах асуудал тулгамдсан. Хоёрдугаарт, сэтгүүл зүйн сургалтыг яг жинхэнэ чөлөөт хэвлэлтэй, чөлөөт сэтгүүлч бэлдэж байгаа тийм орны сургалтын төлөвлөгөөнд нийцүүлж боловсруулах шаардлага гарсан. Тиймээс бид сургалтын материалыг сайжруулна гэсэн асуудлаар төслийн саналаа Нээлттэй нийгмийн хүрээлэн буюу Соросын санд тавьсан. Тэд дэмжин 1998-2001 он хүртэл “Сэтгүүл зүйн сургалтыг сайжруулах арга зам” гэсэн төсөл хэрэгжүүлж би ахлагчаар нь ажилласан. Энэ хугацаанд сэтгүүл зүйн багш нарыг хоёр удаа АНУ-д явуулж нэг сарын хугацаатай туршлага судлуулсан юм. Бидний зөвлөхөөр АНУ-ын Миссуригийн их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга доктор Скотт гэдэг хүн ажилласан. Скоттын тусламжтайгаар төсөл нэлээн идэвхтэй хэрэгжиж, 2001 онд төсөл дуусахад бүх сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан. Сургалтын төлөвлөгөөнд урьд өмнө нь бид зааж байгаагүй цоо хичээлүүдийг оруулсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, экологийн сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, реклам сурталчилгаа гэх мэт.  Эдгээр хичээлийн гарын авлага, сурах бичгийг бэлдэх ажил ч давхар явж байсан.  Ингээд сургалтын төслийн үндсэн дээр сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг боловсруулах шаардлага бидэнд дахиад тавигдсан. Сэтгүүлчдийн холбоо, мэргэжлийн сургуулиудын төлөөлөл орсон  10-аад хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдаж 2004 онд ”Сэтгүүлч”  мэргэжлийн стандартыг боловсруулж дууссан юм. Бидний боловсруулсан стандартыг Боловсролын яам өндрөөр үнэлсэн л дээ. Шаардлага хангасан нэлээн бүтээлч, сайн стандарт болсон байна гэж үзээд СХЗҮЗ-өөр  батлагдаад 2005 оноос эхлээд сэтгүүлч бэлддэг бүх их дээд сургуульд энэ стандартыг мөрдөөд эхэлчихсэн юм. Энэ бол тухайн үед батлагдсан дээд боловсролын хоёр стандартын нэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо хүртэл энэ стандартыг мөрдөж байгаа. Гэхдээ бидний тогтоож өгсөн кредитээс гадна тухайн сургууль өөрийнхөө онцлогт  тохируулаад тодорхой хэмжээний кредит цагуудыг оруулах ийм боломжоор хангаж өгсөөрөө онцлогтой юм.

-Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллана гэдэг тус тэнхимийн үйл ажиллагааны бодлого чиглэлийг зангидна гэсэн үг. Та ямар бодлого баримталж  ажиллаж байв?

-Миний баримталж байсан гол үзэл баримтлал бол ер нь чөлөөт ардчилсан нийгэмд үйл ажиллагаа явуулж байгаа  их сургууль ямар байх ёстой юм. Тэр их сургууль дотроо байгаа нэгжүүд нь ямар түвшинд ажиллах ёстой юм гэдгийг нэгдүгээрт харгалзан үзсэн байгаа. Хоёрдугаарт, сэтгүүлчийн мэргэжил бол практик мэргэжил учраас төгсөгчдийн ажлын байр нь мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тэгэхлээр Монгол Улсын сэтгүүл зүй хаанаас хаашаа явж байна вэ, ямар түвшинд сэтгүүлч боловсон хүчнийг бэлдэх юм бол тэдний хэрэгцээ шаардлагыг хангах вэ гэдгийг бид өөрсдийнхөө хамгийн гол үзэл баримтлалд шаардлага болгож тавиад энэ чиглэлээр явсан. Тийм учраас 90-ээд оны эхний үед олон жил коммунист сэтгүүл зүйн дэг сургуулиар явсан энэ байгууллагыг шинэчлэхийн тулд маш олон зүйлийг өөрчлөх шинэчлэх шаардлага гарсан. Юуны түрүүнд ерөөсөө энэ коммунист сэтгүүл зүйн нэр томьёог ардчилсан нийгмийн шаардлагад нийцүүлээд дахин боловсруулах шаардлага тавигдсан. Энийг бид боловсруулахын тулд гадаад дотоодын олон зүйлийг эргэж харах шаардлага гарсан. Маш олон зүйлийг уншиж,  олон ч туршлагыг судалсан. Энэ бүхний үндсэн дээр ямарч байсан нэлээд ээдрээтэй  ажлын ард гарч чадсан. Би 1997 онд “Орчин үеийн монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага: түүх, онол, практикийн асуудал гэсэн сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. Энэ диссертацын гол үзэл баримтлал, зорилго  нь  бидний дахин боловсруулж, эргэж харах гэж буй үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд оршиж байв. Өнөөдрийн төгсөгчдийг харахад  бидний баримталж байсан үзэл баримтлал маань зөв байжээ гэж боддог. Тэднээс гадна дэлхий дахинд нөлөө бүхий тэнхим, сургалтын томоохон нэгж өөрийн гэсэн дэг сургуультай байдаг. Өнөөдрийн байдлаар манай тэнхимд хоёр дэг сургууль байгаа гэж ойлгодог. Нэг нь монголын сэтгүүл зүйн түүхийн дэг сургууль, хоёр дахь нь монголын сэтгүүл зүйн онолын дэг сургууль. Нэг нь Г.Дэлэг багш эх суурийг нь тавьж, Л.Норовсүрэн багш үргэлжүүлэн ажил хэрэг болгосон сэтгүүл зүйн түүхийн дэг сургууль. 1895-1970 он хүртэл монголын сэтгүүл зүйн түүхийг бол Г.Дэлэг багш бичсэн гэдгийг дээр хэлсэн. Г.Дэлэг багшийн бичсэн зүйлийг баяжуулж 1970-2000 оны эхэн хүртэлх тэр үйл явцыг тоймлон бичсэн хүн бол Л.Норовсүрэн багш. Тэгэхлээр өнөөдөр Л.Норовсүрэн багшийн араас сэтгүүл зүйн түүхийг судалдаг  олон эрдэмтэн судлаач гарч ирж байна. Би бол сэтгүүл зүйн онолын дэг сургууль байгуулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэж өөрийгөө боддог. Энэ хэрэгцээ шаардлага яагаад гарсан бэ гэвэл олон жилийн турш коммунист сэтгүүл зүйн дэг дүрэм журмаар явсан сэтгүүл зүй 1990 онд чөлөөт ардчилсан сэтгүүл зүй рүү шилжээд ороод ирэхээр маш олон зүйл тухайн нөхцөл байдалд таарахаа байсан. Онол, арга зүйн баазын үндсийг бүрдүүлэх шаардлага тавигдсан. Энэ шаардлагыг гардан гүйцэтгэх хүн бол тэнхимийн эрхлэгчийг хийж, сэтгүүл зүйн онолын хичээлийг зааж байгаа надад ноогдсон. Ингээд би 1990-ээд оноос эхлээд тэр бүх зүйлийг дахин боловсруулахад идэвхтэй хөөцөлдөж,  надад манай анхны төгсөгч философийн ухааны доктор Д.Нямсүрэн гуай тодорхой хэмжээгээр тусалсан гэх мэтээр боловсруулсаар байгаад ямар ч байсан “Сэтгүүл зүйн онолын үндэс” сурах бичигтэй, онолын чиглэлийн хэд хэдэн нэг сэдэвт бүтээлтэй болсон.

-Сэтгүүл зүйн тэнхимийн дахин байгуулагдсан 1990-ээд үеийг та нэгтгэж тодорхойлбол?

-Ямар ч байсан энэ үед манай Сэтгүүл зүйн тэнхим Монгол Улсын сэтгүүл зүйн сургалт, судалгааны томоохон төв болж төлөвшсөн. Яагаад би ингэж төлөвшсөн гэж хэлж чадаж байна вэ гэвэл тухайн орны сургалт, судалгааны томоохон төв болохын тулд хэд хэдэн шалгуурыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт,  олон жилийн турш мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэж гаргасан байх ёстой. Хоёрдугаарт, олон хүн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын материаллаг бааз, сургалтын баримт бичгүүд байх ёстой. Гуравдугаарт, үзэх ёстой гол хичээлүүдийн гарын авлага, сурах бичгээр хангагдсан байх ёстой. Тэгэхлээр угаасаа тухайн үед сэтгүүл зүйгээр эрдмийн зэрэг хамгаалсан гол гол мэргэжилтнүүд манай тэнхимд ажиллаж байсан. Ерөөсөө 2000 оноос эхлээд манай тэнхим сэтгүүл зүйн сурах бичгүүдийг ээлж дараатайгаар бэлдээд эхэлсэн. Миний “Сэтгүүл зүйн онолын үндэс” гээд хоёр дэвтэр сурах бичиг 1999 онд гарсан.  Тэрний дараагаар “Сэтгүүл зүйн түүх” гэх мэт янз бүрийн чиглэлийн сурах бичгүүдийг  бэлдээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай сэтгүүл зүйн ангид үзэж байгаа бүх сурах бичгийн 90-95 хувь нь бэлэн болсон байдаг. Энэ бол өндөр үзүүлт мөн. Хамгийн муу нь гэхэд нэг гарын авлагатай байж байгаа. Өнөөдрийн сэтгүүлч бэлддэг их дээд сургуулийн ихэнх нь эдгээр сурах бичгийг ашиглаж байна. Энэ бол томоохон үзүүлэлт мөн. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн сургалт, судалгааны томоохон төв болох шалгуурыг манай тэнхим бүрэн хангаж чадсан.

Яагаад судалгааны төв болсон гэдгийг итгэлтэй хэлж байна вэ гэвэл тухайн үеийн сэтгүүл зүйн хамгийн гол эрдэмтэд манай тэнхимд ажиллаж байсан. Түүнээс гадна 1996 онд сэтгүүл зүйгээр эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл манай тэнхимийн дэргэд байгуулагдаж, үйл ажиллагаа нь 20 гаруй жил тасралтгүй энд үргэлжилсэн. Урьд нь Монголд сэтгүүл зүйн түүхийг голдуу судалж байсан бол 1991 оноос эхлээд сэдвийн хүрээ эрс өргөжсөн. Өнөөдөр бол бараг бүх чиглэлээр манай эрдэмтэн судлаачид судалгаа хийж байна гэж хэлж болно. Эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүсийн, хамгаалах гэж байгаа залуу судлаачдын бүтээлийг олны хүртээл болгох тийм хэрэгсэл хэрэгтэй байсан. 2001 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэргэд “Сэтгүүл зүй” эрдэм шинжилгээний бичиг сэтгүүл гарч эхэлсэн. Удахгүй 25 дахь дугаар нь хэвлэлд шилжих гэж байна. Энэ хугацаанд тасралтгүй жил болгон 1-2 дугаар тогтмол гарч байгаа. Өнөөдөр сэтгүүл зүйн эрдэмтдийн судалгааны бүтээлийг олны хүртээл болгох хамгийн чухал хэрэгсэл болж хувирсан. Ганцхан манай эрдэмтдээс гадна ОХУ, Итали, Казахстан, БНХАУ-ын эрдэмтэд  олон өгүүллийг энэ сэтгүүлд нийтлүүлээд байна. Үүнээс гадна энэ зун манай сэтгүүл DOI буюу олон улсын цахим сэтгүүлийн сүлжээнд холбогдсон. Өөрөөр хэлбэл, олон улсад  хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болж чадсан, эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл нь байна, олон чиглэлийн хүрээнд судалгаа хийдэг эрдэмтэд нь байна, тэдний бүтээлийг хэвлэх сэтгүүл нь байна. Энэ бол сургалт, судалгааны чухал төв болох гол гурван шалгуурыг хангасан гэсэн үг юм.  

-Таны судалгааны үндсэн чиглэл сэтгүүл зүйн онол. Коммунист сэтгүүл зүйгээс чөлөөт хэвлэл рүү шилжихэд манайд таарч тохирох онолыг “нутагшуулах” боловсруулах адармаатай байсан байх. Нөгөө талаар судалгааны үндсэн чиглэлээс гадна эрдэмтэн судлаач бүр өөрийн дагалдуулж судалдаг, өөр чиглэлтэй байдаг. Таны хувьд онолоос гадна ямар чиглэлүүдэд илүү анхаарч байна?

 

-Монголын нөхцөлд чөлөөт хэвлэл яаж хөгжих, ямар бэрхшээл, ямар тулгамдсан асуудал тулгарах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан. Энэ бүхнийг харгалзаж байгаад авах гээхийн ухаанаар хандаж, монголын сэтгүүл зүйн уламжлал юу байна, ямар байсан, шинэ нийгэмд сэтгүүл зүй яаж хөгжиж байна, ямар байна, юуг харгалзан үзэх хэрэгтэй вэ гэдгийг харгалзаж үзэл баримтлалыг тулгуур зарчим болгон сэтгүүл зүйн онолыг боловсруулсан. Эхлээд ерөнхий онолыг боловсруулсны дараагаар  дахиад гүнзгийрүүлж явах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл, судалгааны сэдвийн хүрээг өргөтгөж нарийвчилж судлах шаардлага тулгарсан. Энэ шаардлагын үүднээс би эрэн сурвалжлах сэтгүүл зүйг барьж аваад сурах бичиг бэлтгэх зорилго тавьсан. Тэгээд энэ чиглэл рүү нэлээн гүнзгий орсон. Мэдээж сэтгүүл зүйн мэргэжил бол практик талын мэргэжил. Онолыг практиктай хослохгүй бол болохгүй. Тийм учраас сэтгүүлчийн ур чадварын сурах бичиг бэлдэх хэрэгтэй болсон. Миний “Сэтгүүлчийн ур чадвар” сурах бичгийн нэгдүгээр боть 2009 онд, хоёр, гуравдугаар  боть нь 2012 онд хэвлэгдсэн. Сэтгүүл зүйд ур чадвартай холбоогүй асуудал гэж байхгүй учраас  энэ сурах бичгийг нэлээд өргөн хүрээнд жишээ баримтын хамт гурван ботиор хэвлэсэн байгаа. Ерөөсөө сэтгүүл зүйг судална гэдэг чинь  бусад салбараас эрс өөр юм. Учир нь маш олон салбар шинжлэх ухааны зааг дээр оршдог өвөрмөц шинжлэх ухаан учраас судлаачаас багагүй мэдлэг чадвар, туршлага шаарддаг.  Залуу судлаачдын бүтээлийг уншиж байхад  дутуу дулимаг, засаж залруулах  зүйл цөөнгүй ажиглагддаг.  Тэднийг засаж залруулахад туслах юмсан,  зааж сургах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл төрдөг. Тэгээд олон жилийн хөдөлмөрийн үр дүнд “ОНМХ-ийн судалгааны арга зүй” гэсэн ном бичсэн. Өнөөдөр хамгийн эрэлт хэрэцээтэй ховор ном болсон нь миний санаа бодол зөв байсны илрэл юм. Нэг үеийг бодоход сэтгүүл зүйн судлал эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ шүүмж судлал доголдох хандлагатай байгаа. Тиймээс судалгааны чиглэлээр бичигдсэн бүтээлүүдийн тухай  санал бодлоо бичээд, үнэлэлт дүгнэлт өгөөд явж байна, удахгүй бие даасан ном болгон хэвлүүлэх зорилготой.  

-Сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулиудаас маргаашийн сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарын “өнгө” тодорхой хэмжээгээр хамаардаг. Монголын сэтгүүл зүйд 40 гаруй жил өөрийн хувь нэмрийг оруулж яваа эрдэмтний хувьд та тэнхимийнхээ, салбарынхаа алс хэтийн талаар бодол сэтгэлээ чилээдэг байх. Бодлоосоо хуваалцвал?

-Өнөөдөр онлайн сэтгүүл зүй маш эрчимтэй хөгжиж байна. Конвергенц хэвийн үзэгдэл болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондоо нэгдэн нийлж нэг нь нөгөөгийн шинжийг агуулах ижилсэх хандлага явагдаж байгаа үед бид ямар сэтгүүлч бэлдэх вэ гэдэг том асуудал болж хувирсан. Ямар ч байсан бид 1980-1990-ээд оны аргаар боловсон хүчин бэлдэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Өнөөдөр сэтгүүлч гэдэг ямар хүн байх ёстой вэ? Хамгийн түрүүнд энэ хүн бичих, ярих авьяастайгаас гадна манайх шиг нийгэмд хамгийн түрүүнд хүн болж төлөвших ёстой. Хүн чанарыг өөртөө шингээх ёстой. Тэрний дараагаар олон талын боловсролтой байх ёстой. Өнөөдөр ганцхан мэдээ бичих ч юмуу, ганцхан асуудлыг барьж аваад явна гэдэг учир дутагдалтай болчихсон. Тэгэхээр дэлхийн  ОНМХ-ийн боловсон хүчин бэлтгэдэг томоохон сургуулиудын эрдэмтэн судлаачид юу гэж байна вэ гэхээр сэтгүүлч нэг л асуудлыг маш гүнзгий мэдэх албагүй. Харин бүх асуудлыг тодорхой хэмжээгээр мэдэж байх ёстой. Нөгөө талаас мэдээж орчин үеийн техник хэрэгслийг өндөр түвшинд эзэмшсэн байх ёстой. Монголд бол  сэтгүүлч бэлтгэх олон их дээд сургуулийн шаардлага байхгүй, 5-6 чанартай, сайн сургууль байхад хангалттай. Хамгийн гол нь тэнд төгсөж байгаа боловсон хүчин нь чанартай байх нь гол үзүүлэлт юм.  Либерал арт гэдэг бидний баримталж байгаа энэ сургалтын систем Монголд арай эрт эхэлсэн гэж бодож явдаг. Яагаад гэвэл бид урьд нь сэтгүүлч элсүүлэхдээ мэргэжлийн ур чадварын шалгалт заавал авдаг байсан. Дараа нь нийгмийн ухаан ч юмуу, авах ёстой хичээлийн шалгалтуудыг аваад авьяастай хүмүүсийг шилж сонгоод авах боломж бидэнд байсан. Тэр үед элсээд ороод ирсэн хүмүүс чадвартай байсан. Өнөөдөр либерал арт гэсэн энэ систем рүү ороод ирсний дараагаар нэгдүгээр ангид ерөнхий эрдмийн бүх хичээлүүдийг үзээд нэгдүгээр курс төгссөний дараа цөөхөн хүнийг сонгоод авчихдаг болсон. Тэндээс гадна элсэлтийн асуудал гэдэг маань  ерөнхий эрдмийн дүнгээр л элсүүлдэг болсон. Энэ юу вэ гэхээр хэн тэр тестүүдийг цээжлээд, тэрнийг тогтоох чадвар арай гайгүй шиг хүмүүс хамгийн түрүүнд ороод ирж байгаа.  Авьяас чадвартай цөөнгүй хүн элсэж орж чадахгүй үлдэж  байна. Юм бичдэг авьяастай, арай өөрөөр сэтгэдэг, арай өөрөөр асуудалд ханддаг тийм хүмүүс бол юм цээжлэх гэх мэт тийм юманд  дуртай биш байдаг.  Сонирхсон зарим оюутанд нь элссэний дараа өөр мэргэжлээс шилжих боломж олгож байгаа. Гэхдээ тэр тоо нь хязгаартай. Тэгэхлээр энэ эргээд сайн сэтгүүлч бэлтгэхэд сөрөг нөлөө үзүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл мөн. Энийг бид анхаарах хэрэгтэй. Хоёр дахь анхаарах ёстой зүйл бол дэлхий дахинд хос мэргэжилтэй сэтгүүлч бэлтгэх хандлага  түгээмэл байна. Сэтгүүлч-эдийн засагч, сэтгүүлч-инженер, сэтгүүлч-хуульч гэх мэт чиглэлээр бэлдэх юм бол дараа нь тэр салбар руу гүнзгий ороод чанартай материал бэлтгэх, нэг салбар, сэдвийн хүрээнд мэргэших боломж олж авна. Одоогийн байдлаар манай тэнхимийн хувьд хөл дээрээ боссон, арваад багштай бүтээлч хамт олон болж чадсан. Ихэнх нь эрдмийн зэрэг цолтой, сэтгүүл зүйн чиглэл чиглэлээр мэргэшсэн. Энэ бол эерэг үзэгдэл. Цаашид бүтээлч уур амьсгалыг бий болгох, өөр өөрийнхөө чиглэлээр сайн ажиллах, гадаад харилцаагаа хөгжүүлэх зэрэг шийдвэрлэх асудлууд байна. Өнөөдөр  дэлхий дахинд эрдэмтэн хүнийг үнэлэх гол шалгуур бол импакт фактор, скопусын индекстэй сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх, түүний бүтээлүүдээс эшлэл авсан байдал болоод байна. Энэ бол  олон улсад эрдэмтдийг үнэлэх стандарт хэмжүүр учраас бид үүнээс зугтах боломжгүй. Бидний брэнд болсон, уламжлал болгон аваад явж байгаа “Сэтгүүл зүй” сэтгүүлийн нэр хүндийг дээшлүүлэх нь чухал. Болж өгвөл Монгол Улсын төдийгүй олон улсын захиалгын системд оруулж, захиалагчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Жилд ганцхан удаа биш хоёр, болж өгвөл улиралд нэг  удаа гаргах хэрэгтэй. Энэ бол залуу судлаачдад боломж олгож байгаа, нөгөө талаар сэтгүүлийн нэр хүндийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Гаралтын давтамжийг нэмэгдүүлээд нийтлэх өгүүллийн чанарыг сайжруулбал олон улсын мэдээллийн сүлжээнд орсон учраас олон эрдэмтэн судлаач сонирхож өөрийнхөө бүтээлийг хэвлүүлэх болно. Энийг бид урьдчилж харах ёстой. Харин одоо бол бид Монгол Улсын сургалт, судалгааны томоохон төв байх боломжийг алдахгүй л байх хэрэгтэй. Байнга шинэчилж баяжуулж, шинийг санаачлах нь чухал. Миний бодлоор манай тэнхим 2-3 брэндтэй. “Сэтгүүл зүй” сэтгүүл маань манай брэнд. 2005 оноос тасралтгүй гарч одоо 22 дахь дугаар нь хэвлэгдэж байгаа “Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна” цуврал бол бидний брэнд.  Өөр ямар ч сургууль оюутны шилдэг бичвэрийн түүврийг жил болгон цуврал болгон гаргадаггүй. Мөн манай тэнхимийн бусад сургуулиудаас ялгагдах өөр нэг онцлог нь төгсөгчдөд академик боловсролыг түлхүү өгөхийг чухалчилдаг. Гэхдээ энэ бол практикийг орхигдуулна гэсэн үг биш юм. Манай багш нар олон сурах бичиг бичсэн. Энийг ч бас цаашид сайжруулах, шинэчлэх, баяжуулах хэрэгтэй.  Бид төсөл хэрэгжүүлж “Сэтгүүл зүйн үндэс” гэсэн ерөнхий мэдлэгийн түвшний  олон улсын стандартад нийцсэн сайн сурах бичгийг бэлдээд  олны хүтээл болгосон. Энэ бүтээл маань МСНЭ-ээс шалгаруулдаг ”Оны шилдэг судалгааны бүтээл”-ээр шалгарсан. Цаашид бид сэтгүүл зүйн шинэ чиглэлүүдийг гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй. Эцсийн эцэст бид энэ тэнхимийг авч явахад бүгдээрээ санаа нийлж хандах хэрэгтэй дээ.

-Ярилцсанд баярлалаа. Сэтгүүл зүйн сургалт, судалгааны салбарт 45 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэсэн танд Монгол Улсын Их сургуульд мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж эхэлсний 65 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе!  Таны цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье!

 

 

 

 

 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн