ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган Фижи Улсын Нади хотноо үргэлжилж байна. Чуулганаар Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн тогтолцооны сөрөн тэсвэрлэх чадвар, Архи, согтууруулах ундааны хяналт, ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл дэх бүсийн төлөөлөл зэрэг асуудлаарх холбогдох баримт бичгүүдийн хэлэлцүүлэг боллоо.
Дээрх хэлэлцүүлгүүдэд манай улсын төлөөлөгч Б.Янжмаа оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Монгол Улс дэлхийн хамгийн хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, хүн ам сийрэг тархан суурьшсан орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд онцгой өртөмтгий байгаа хийгээд сүүлийн жилүүдэд ган, зуд, тоосжилтын давтамж нэмэгдэж, энэ нь хүнсний аюулгүй байдал, хүн амын амьдрал ахуй, агаарын чанарт сөргөөр нөлөөлж, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, цаашилбал сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд баталсан Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбар уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг өвчний эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгох, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх ажлыг туршиж эхлүүлсэн.
Энэ хүрээнд ногоон санхүүжилт, техникийн чадавх, мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг сорилт тулгарч буй тул ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн тогтолцооны санаачилгын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна" гэв.

Чуулганы гурав дахь өдөр Архи, согтууруулах ундааны хяналтын асуудлаарх хэлэлцүүлгийн хүрээнд ДЭМБ-ын “Архины хэрэглээний эсрэг дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2022–2030)”-ний хэрэгжилтийг Номхон далайн баруун бүсэд эрчимжүүлэх бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, манлайллын дор 2022 онд баталсан Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд архи, согтууруулах ундааны хэрэглээний хор хөнөөлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнтэй арга хэмжээнүүдийг чуулганд оролцогчдод танилцуулав.
Тухайлбал, 2023 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор архины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд тавих хяналтыг чангатгах, архины хатуулагт суурилсан шаталсан татварын системд шилжсэн.
Мөн согтууруулах ундааны хатуулгаас хамааран онцгой албан татварыг дунджаар 2 дахин нэмж, 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архины хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар үе шаттайгаар бууруулах зэрэг урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаа нь ДЭМБ-ын “SAFER” багцын гол чиглэлүүдтэй бүрэн нийцэж буйг онцолжээ.
ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан тус байгууллагын засаглалын түвшинд тэгш оролцоог хангах, тодруулбал, дунд болон жижиг улс орнуудыг орхигдуулахгүй байх, тэгш байдлыг хангах үүднээс ээлжлэн сонгогдох боломжийг тэгш хангасан тогтолцоог бүрдүүлэхийг уриалав.