Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд, 200 гаруй техник технологийн томоохон хөгжүүлэгчдийг нэгтгэсэн "DIMDEX-2026" олон улсын үзэсгэлэнг нээжээ.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Катар Улсын Эмир, Шейх Тамим бин Хамад Аль Танигийн ивээл дор болж буй тус үзэсгэлэнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцож байна.
Катарын Үндэсний чуулганы төвд “Батлан хамгаалахын инновацын дэлхийн төв: Илүү аюулгүй маргаашийг бүтээхийн төлөө боломжид хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн ес дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.
Олон улсын болон далай тэнгисийн аюулгүй байдлын салбарын дэлхийн хэмжээний тэргүүлэх үйл ажиллагаанд “DIMDEX 2026”-д дэлхийн өнцөг булан бүрийн гол шийдвэр гаргагчид стратегийн хамтын ажиллагаа, өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэхээр дөрвөн өдрийн турш чуулна.
Катар Улс нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын чухал түншийн нэг юм. Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор техник технологийн хөгжил, боломжийг судлахаас гадна хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан сургуулилт, боловсон хүчин бэлтгэх зэрэг өмнөх хэлэлцээрийн үечлэлийг сунгаж, гэрээнд гарын үсэг зурж буйгаараа онцлог болж байна.